images

Америкийн зохиолчид ажил хаялтаа зогсоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-27


   Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хиймэл оюун ухааны талаар арга хэмжээ авахыг шаардан бараг таван сар ажил хаяад байгаа Америкийн зохиолчид ажил хаялтаа зогсоох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай CNN мэдээлэв. Зохиолчид хиймэл оюун ухааныг өргөнөөр ашигласнаас үүдэлтэй зохиогчийн эрхийн зөрчлийн асуудлыг шийдвэрлэх, “Netflix” зэрэг стриминг үйлчилгээнээс зохиогчийн хувь хүртээхийг шаардаж өнгөрсөн тавдугаар сард ажил хаялт зарласан юм. Энэ тухайд "Ерөнхийдөө зохиолчдын хүссэн чиглэлд тохиролцоонд хүрсэн" гэж "New York Times" сонин мэдээлжээ. Мөн CNN "Уран бүтээлийн байгууллагууд бүтээл хийх явцдаа хиймэл оюун ухаан ашиглахгүй байх зохиолчдын хүсэлтийг хэсэгчлэн хүлээн авсан" гэж мэдээлэв. Харин зохиолчдын хамт ажил хаяад байгаа Холливүүдийн жүжигчид, нэвтрүүлэгчдийн ажил хаялт үргэлжилж байна. Арав гаруй мянган зохиолчийг эгнээндээ нэгтгэсэн  Америкийн Зохиолчдын эвлэл тухайн өдөр гишүүддээ илгээсэн мэдэгдэлдээ “Бид Кино, Телевиз үйлдвэрлэгчдийн холбоо (AMPTP)-той урьдчилсан тохиролцоонд хүрсэн тул өнөөдрөөс эхлэн ажил хаялтаа зогсооно" гэжээ. Мөн энэ өдөр “Netflix”, “Amazon” зэрэг онлайн видео үйлчилгээний компаниуд болон “Walt Disney”, “Warner Bros Discovery” зэрэг продакшн компаниудыг багтаасан AMPTP хамтарсан мэдэгдэл гаргаж, “Хоёр тал 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хэлэлцээр хийж урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрлээ” гэжээ. CNN эдийн засагчдын судалгааг иш татан, "Энэ ажил хаялтаас үүдсэн эдийн засгийн алдагдал 5 тэрбум доллар хүрсэн байна" гэж мэдэгдэв. Зөвхөн Нью Йорк хотод л гэхэд контент үйлдвэрлэгч 11 компани 1.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, 17 мянга орчим ажлын байр алга болсон ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.