images

Италийн “Versace” брэндийн тэргүүн Засгийн газрынхаа бодлогыг эрс шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-27


   Италийн тансаг зэрэглэлийн Versace брэндийн тэргүүн 68 настай Донателла Версаче саяхан одоогийн засгийн газрын бодлогыг эрс шүүмжилж, Италид бэлгийн цөөнхийн эрх ашиг зөрчигдөж байна гэж мэдэгдсэн тухай “La Repubblica сонин мэдээлэв. Д.Версаче Миланы загварын долоо хоногийн үеэр болсон "Sustainable Fashion Awards 23" наадмаас тэгш эрх, хүртээмжтэй байдлын төлөөх хүмүүнлэгийн шагнал хүртсэн бөгөөд энэ үеэр сэтгэгдлээ хэлэхдээ "Италид цөөнхийн дуу хоолойг хамгаалах нь урьд өмнөхөөсөө илүү чухал болсон. Манай засгийн газар хувь хүмүүсийн хүссэнээрээ амьдрах эрхийг хаах гэж оролдож байна" гээд хүмүүсийг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалсан байна. 1978 онд Жанни Версачегийн үүсгэн байгуулсан тансаг зэрэглэлийн брэнд болох “Versace” гоёмсог, зоримог загвараараа дэлхий даяар алдаршсан юм. 1997 онд үүгсэн байгуулагч Жанни Версачег нас барснаас хойш түүний дүү Донателла Версаче тус группын дэд ерөнхийлөгч, ерөнхий дизайнераар ажиллаж байна. Уламжлалт гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэдэг Ерөнхий сайд Жоржиа Мелони өнгөрсөн оны аравдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш Италийн засгийн газар бэлгийн цөөнхийн эрхийг хязгаарлах хэд хэдэн арга хэмжээ авч эхэлсэн байна. Гуравдугаар сард Милан хотод ижил хүйстэн хосуудыг автоматаар бүртгэхийг зогсоох тушаал гаргажээ. Милан бол ижил хүйстэн хосуудын эцэг эх байх эрхийг хүлээн зөвшөөрсөн Италийн цорын ганц томоохон хот байсан аж. Д.Версаче "Миний найзууд болон миний хамт олон арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, бэлгийн чиг хандлагаар бус, бүтээлч байдал, нээлттэй байдал, баяр баясгалан, сайхан сэтгэлээр бүхнийг үнэлдэг" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.