XIV Далай лам Энэтхэгийн Сикким мужид айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-09-26
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам ирэх сарын 10-нд Энэтхэгийн Сикким мужийн нийслэл Ганток хотод айлчилж, хоёр өдрийн турш Буддын сүсэгтнүүдэд ном айлдах гэж байгаа тухай "Hindustan Times" сонин мэдээлэв. Ганток нь Хятадын хилээс 54 км зайд оршдог, зүүн болон баруун талаараа Бутан, Балба улстай хиллэдэг хот юм. Далай ламыг урьсан мужийн засгийн газар айлчлал аравдугаар сарын 10-наас 14-ний хооронд тав хоног болно гэж зарласан ч Далай лам энэ сарын 10-наас хоёр хоног болно гэж мэдэгджээ. Өдгөө Хятадын харьяанд байдаг Төвөдийн Амдоод 1935 онд төрсөн Далай лам 1959 онд Төвөдийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг толгойлж байсан ч удалгүй хөдөлгөөн дарагдсанаар нутгаасаа дүрвэж, Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсала хотод очиж суусан юм. Далай ламын орогнуулсан Энэтхэгт ихээхэн дургүйцсэн Хятад улс 1962 онд дайн эхлүүлж, түүнээс хойш Энэтхэгтэй хилийн маргаантай байсаар иржээ. 2020 онд Энэтхэгийн хойд хэсэгт орших Кашмиртай хиллэдэг Ладак хотод болсон хоёр талын мөргөлдөөнд Энэтхэгийн 20, Хятадын 4 цэрэг амь үрэгдсэнээс хойш хоёр улсын харилцаа эрс хүйтэрсэн билээ. Хятад улс Энэтхэгийн зүүн хойд нутгийн Аруначал Прадеш мужийг "Өмнөд Төвөд" гэж нэрлэдэг бөгөөд энэ бүс нутагт Энэтхэгийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрдөггүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.