images

Гэрээслэл бичиж үлдээгээд сураггүй алга болсон эр 10 жилийн дараа олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   Итали улсад гэр ахуйн барааны худалдагч хийдэг байсан Адамо Гуэрра 2013 оны долоодугаар сарын 7-ны өдөр амиа хорлох утга бүхий гэрээслэл гэртээ бичиж үлдээгээд сураггүй алга болжээ. Тэрбээр эцэг эхдээ, хамтран ажиллагсаддаа, эхнэр Рафаэла Боргидоо хандсан гурван гэрээслэл үлдээсэн байв. Гэрээслэлдээ "Би аюултай хүмүүсээс мөнгө зээлж, байдал улам дордов. Би гэр бүлдээ гай зовлон учруулахыг хүсэхгүй байна" гэсэн байжээ. Түүнийг алга болсон даруйд цагдаагийнхан шуурхай эрэн хайж Италийн Анкона боомтоос машиныг нь олсон бөгөөд түүнийг далай руу үсэрч амиа хорлосон гэж таамагласан байна. Гэр бүлдээ маш халамжтай, аливаад хариуцлагатай ханддаг нөхөр нь ийм туйлширсан сонголт хийж, бага насны хоёр охиноо орхисонд эхнэр нь итгэж чадахгүй байжээ. Гэвч түүнийг 10 жилийн дараа Грекээс олсон тухай “Corriere della Sera” өдөр тутмын сонин өчигдөр мэдээлэв. Эхнэр нь сураггүй болсон нөхрөө олон жил хүлээж цөхрөөд гэр бүл салах өргөдөл гаргасан байна. Түүний гэр бүл салах тухай бичиг баримт дээр ажиллаж байсан өмгөөлөгч нь Адамо Гуэрра 2022 оны хоёрдугаар сард гадаадад зорчсон тухай мэдээлэл олжээ. Улмаар цааш лавшруулан шалгаж үзээд түүнийг Грекийн Патрас хотод байгаа болохыг тогтоож, энэ тухайгаа эхнэрт нь хэлсэн байна. Энэ мэдээлэлд эхнэр нь эхлээд итгэсэнгүй, хэн нэгэн түүнийг бичиг баримтыг ашигласан байх гэж боджээ. Гэвч тэрбээр сураггүй алга болсон хүмүүсийг хайж олдог Италийн телевизийн нэвтрүүлэгт хандаж, нөхрөө олоход туслахыг хүссэн байна. Уг телевизийн нэвтрүүлэг шуурхай ажилласнаар сураггүй алга болсон гэх А.Гуэрраг Грек улсад ажил төрөл эрхлэн амьдарч байгаа болохыг олж тогтоожээ. Тэрбээр сураггүй байсан 10 жилийн хугацаанд эхнэр охидтойгоо нэг ч удаа холбоо бариагүй байна. Өдгөө 55 настай А.Гуэрра сурвалжлах багийнхныг очиход ихэд ичиж сандран камераа унтраахыг шаардаж, тэднийг гэрээсээ хөөжээ. Тэрбээр "Та нар намайг оллоо. Одоо болсон, эндээс яв” гэхээс өөр тайлбар хэлээгүй байна. Түүнд юу тохиолдсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.