Англи улс Этиопын ханхүүгийн үсийг буцаан өгчээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-25
140 жилийн өмнө Их Британид нас барсан Этиопийн ханхүү Алемайехугийн үс болон эзэн хаан II Тедросын ордноос хууль бусаар авсан эртний дурсгал зэрэг зүйлсийг Лондон буцаан олгохоор болж Их Британид суугаа Этиопын Элчин сайдад хүлээлгэн өгсөн байна. Ханхүү Алемайехуг эцэг эх нь өөд болсон хойно Британид олзлон авчирсан бөгөөд арав гаруй жил амаргүй амьдрал туулж явсаар 1879 онд 18 настайдаа өвчний улмаас өөд болсон юм. Ханхүүгийн үсийг тухайн үед Британид түүнийг асран хамгаалж байсан ахмад Чарльз Сойер Спиди авч хадгалсан түүхтэй. Өдгөө Шинэ Зеландад амьдардаг ахмад Ч.Спидигийн үр удам Канадын CBC телевизэд өгсөн ярилцлагадаа энэхүү үсийг өвөг дээдсийнхээ хадгалж ирсэн эртний эдлэл дундаас олсноо хэлсэн байна. Ханхүү анх 1868 онд Англид иржээ. Түүний ээж Тируварк Вибе хүүгийнхээ хамт Британид ирэх үедээ нас барж, мөн түүний аав, Этиопын эзэн хаан нь тулалдаанд ялагдаад, олзлогдохгүйн тулд амиа хорлосон байдаг. Ийм хэрэг явдал болсон шалтгаан нь гэвэл эзэн хаан II Тедрос 1862 онд Их Британийн хатан хаан Викториад захидал илгээж, Этиоп улсыг улам хүчирхэгжүүлэхийн тулд тус улстай холбоотон болох хүсэлтээ илэрхийлсэн боловч хариу ирүүлээгүй тул тэрбээр хариу болгож хэсэг европ хүмүүс, тэр дундаа Британийн консулыг барьцаалсан юм. Үүний хариуд Британи улс барьцаалагдсан хүмүүсийг аврахаар цэргээ илгээж хүмүүсээ даруй сулласан бөгөөд энэ үеэрээ эзэн хааны цайзаас олон тооны эртний дурсгалыг авсан төдийгүй ханхүү болон хааны хатныг олзлон авч одсон аж. Хатан хаан Викториа өнчин ханхүүг ивээлдээ авч, асран хамгаалагч хүртэл томилж өгсөн ч хүйтэн цаг агаартай тус улсад ханхүү дасан зохицож чадахгүй байжээ. Улмаар ханхүү өвчнөөр нас барахад түүнийг Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмийн дуганд оршуулсан байна. Өдгөөг хүртэл Этиоп улс ханхүүгийн шарилыг бусад зүйлсийн хамт буцааж өгөхийг шаардсан ч Их Британийн тал удаа дараа татгалзсаар иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.