images

Венесуэлийн дүрвэгч залуу, бяцхан хэрэм хоёрын гунигт түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   АНУ-д дүрвэн ирж дүрвэгсдийн хуаранд зургаан сар хүлээсний эцэст сая тус улсад орогнох эрх авсан 23 настай венесуэл залуу Йейсон болон түүний Нико нэртэй тэжээвэр хэрэм хоёрын гунигтай тавилангийн талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Йейсон эх орноосоо дүрвэн амь насаараа дэнчин тавьж, хэдэн мянган бээрийн зайг туулан АНУ-д очих хүртлээ амаргүй хүнд аяллыг хамт хийсэн тэжээвэр хэрмээсээ салах болжээ. Тэрбээр нутагтаа байхдаа модноос унаж бэртсэн бяцхан хэрэмний зулзага олж гэртээ авчирж тэжээн “Нико” гэдэг нэр өгчээ. Удалгүй Йейсон АНУ руу дүрвэж гарах, тэнд очиж орогнол олж амьдрах хүслээ гүйцэлдүүлэхээр бусад дүрвэгсдийн хамт Хойд ба Өмнөд Америкийг холбодог Панамын сувгаар дамжин умардыг зорив. Ингэхдээ бяцхан хэрмээ авч явсан бөгөөд ширэнгэн ой, ус бороон дундуур нойр хоолгүй зүтгэж, амаргүй замыг туулсаар Мексикт ирсэн байна. Энд ирээд хот хоорондын автобусаар зорчихдоо шалгалтад өртөхөөс болгоомжилж хэрмээ цүнхэндээ нууж явав. Гэтэл автобусны жолооч түүний хэрмийг олж хараад, амьтан авч явахад нэмэлт төлбөр төлөх ёстой хэмээн шаардсан тул гар утсаа 35 доллароор зарж хэрмэндээ тасалбар худалдаж авчээ. Тэрбээр энэ мэтээр нийт 4800 км зам туулж дүрвэгсдийн хуаранд ирсэн бөгөөд өдөр нь үсчин хийж амьжиргааны зардлаа олж, шөнө нь хэрэмтэйгээ майханд хоноглосоор байв. Ингээд хагас жил хүлээсний эцэст АНУ-ын Засгийн газар түүнд орогнох эрх болсон баяртай мэдээ авчээ. Гэвч өөр нэг асуудал гарсан нь түүнийг тус улсын хилээр хууль бусаар амьд амьтан оруулж ирсэн хэмээн үзэж хэрмийг нь буцаах шийдвэр гаргасан байна. Харин дүрвэгсдийн хуаранд ажиллаж буй сайн дурын ажилтнууд Йейсоныг хэрэмтэй нь хамт байлгахад туслах, амьтны вакцин хийлгэх малын эмч олох зэргээр шуурхай ажиллаж байна. Сайн дурын ажилтан Глэдис Каньяс "Йейсон, Нико хоёрын хооронд салахын аргагүй  холбоо бий. Тэд аюул бэрхшээл бүхнийг даван туулж гарахдаа бие биедээ урам зориг, хүч тэнхээ өгдөг байсан" гэжээ. Харин Йейсон "Никогоос салвал надад үнэхээр хүнд байх болно. Нико минь аз жаргалтай байгаасай” хэмээн өгүүлсэн байна.

Дүрвэгсдийнй хуранд аж төрж буй Йейсон Нико хоёр

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.