images

Боловсролын үнэлгээгээр тэргүүлэгч орнууд дижитал төхөөрөмжийг илүүд үзэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-22


   Европын холбооны орнуудын дунд бичиг үсэгт тайлагдсан байдлаараа нэгдүгээрт ордог Польш улс саяхнаас төсвийн санхүүжилтээр сургуулийн сурагчдад зөөврийн компьютер олгож эхэлжээ. Польшийн энэ шийдвэрээс болж, дижитал төхөөрөмж ашиглах нь хүүхдийн сурах чадварт хэрхэн нөлөөлөх талаар Европт дахин маргаан үүсгэж байна. Тус улс энэ сарын эхнээс бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч тус бүрт зөөврийн компьютер олгож эхэлсэн нь өнгөрсөн тавдугаар сард  суралцагчдад хувийн дижитал төхөөрөмж олгох тухай хуулийн төслийг тавдугаар сард парламентаар баталсныг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ ажээ. Улмаар ойрын хугацаанд орон даяар 100 мянга орчим анги танхимыг өндөр хурдны интернэтээр хангах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа тухай мэдээлсэн байна. Боловсролын амжилтын үнэлгээний олон улсын холбоо (IEA)-ноос таван жил тутамд явуулдаг Олон улсын уншлагын бичиг үсгийн судалгааны (PIRLS) үнэлгээнд Польш улс судалгаанд хамрагдсан 57 орноос тавдугаарт, Европын холбооны орнууддаа нэгдүгээрт жагсчээ. Тус улсын Цахим мэдээллийн санд Януш Шиенски сурагчдад дижитал төхөөрөмж түгээж буйг тайлбарлахдаа “Польш улс олон улсын туршилтад хэдийнэ хангалттай үр дүн үзүүлсэн. Инновацид суурилсан оюуныг хөгжүүлэхийн тулд цаашид ч хийх ажил их байна" гэсэн байна. Мөн сургуулийн орчинд дижитал төхөөрөмжийг хамгийн их ашигладаг орнуудын нэг болох Сингапур улс дээрх үнэлгээгээр дэлхийн хэмжээнд нэгдүгээрт жагсчээ. Дижитал төхөөрөмж ашиглах нь хүүхэд, өсвөр үеийнхний бичиг үсгийн ур чадварт сөргөөр нөлөөлдөг гэсэн үзлийг энэ үнэлгээ үгүйсгэж буй юм. 2011 онд Apple компанийн iPad-ыг Сингапурын дөрвөн бага, дунд сургуулийн сурагчдад туршилтын журмаар олгосон бол 2020 оноос эхлэн бүх сурагчдад хувийн зөөврийн компьютер болон таблет олгож эхэлсэн байна. Технологи бол боловсролын шийдэл биш ч боловсролын орчныг сайжруулахад туслах хэрэгсэл болж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.