Солонгост үүрд нойрссон австрали дайчны эхнэрийг нөхрийнх нь дэргэд нутаглуулжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
1950 оны хоёр Солонгосын дайнд оролцож амь үрэгдсэн НҮБ-ын цэргийн албан хаагч, Австралийн армийн III батальоны командлагчаар ажиллаж байсан дэд хурандаа Чарльз Грийний гэргий, хатагтай Олвин Грийнийг оршуулах ёслол өнөөдөр Пусан хот дахь НҮБ-ын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон байна. Хатагтай О.Грийн 2019 оны арваннэгдүгээр сарын 27-нд 96 насандаа таалал төгсчээ. Тэрбээр өөд болохдоо өөрийгөө Солонгосын газар нутагт үүрд нойрсож байгаа нөхрийнхөө дэргэд оршуулахыг хүссэн гэрээслэл үлдээсэн бөгөөд тухайн үед цар тахлын улмаас хил хаагдаж, түүний гэрээслэлийг биелүүлэх боломжгүй байсан аж. Харин өнөөдөр түүний 100 насны ойг тохиолдуулан гэрээслэлийг нь биелүүлж шарилыг нь зөөвөрлөн нөхрийнх нь дэргэд нутаглуулсан байна. Тэрбээр амьд ахуйдаа эр нөхөртөө зориулсан дурсгалын ном гаргахаар болж 13 жил бичсэний эцэст 1993 онд "Түүнийг минь Чарли гэдэг" нэртэй номоо хэвлүүлжээ. Уг номонд нөхрийнх нь илгээсэн захидал, тэмдэглэл, ахмад дайчдын ярилцлага, түүхэн материалууд багтсан гэнэ. 1919 онд төрсөн, Солонгосын дайнд оролцож яваад 1950 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр амь үрэгдсэн дэд хурандаа Ч.Грийн бол Австралийн цэргийн түүхэн дэх домогт хүн ажээ. Тэрбээр 1945 онд цэл залуу 26 настайдаа Австралийн армийн хамгийн залуу командлагч болж байжээ. Мөн 1943 оны нэгдүгээр сард гэрлэж, 1948 оны наймдугаар сард охин Антеагаа төрүүлсэн байна. Хатагтай О.Грийн нөхрөө насан туршдаа санан дурсаж, дахин гэрлээгүй бөгөөд охиноо ганцаараа өсгөжээ. Өнөөдөр болсон ёслолд түүний охин Антеа нөхөртэйгөө, ач хүү нь эхнэртэйгээ, мөн гуч хүү нь оролцож хатагтай О.Грийний гэрээслэлийг биелүүлсэн байна. Мөн Австралийн армийн штабын дарга, генерал Саймон Стюарт, Австралиас Солонгост суугаа Элчин сайд Кэтрин Рэпер, Өмнөд Солонгосын Эх орончид, ахмад дайчдын асуудал эрхэлсэн дэд сайд Юн Жон Жин, тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Пак Жун Хван, Өмнөд Солонгос дахь НҮБ-ын хүчний командлагч Пол Лакамера нар мөн оролцжээ. Түүний охин Антеа “Yonhap News”-т өгсөн ярилцлагадаа “Ээжийгээ үнэхээр санаж байна. Гэхдээ ээжийнхээ насан туршийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэндээ сэтгэл тэнэгэр байна" гэжээ.
Охин Антеа нь ээжийнхээ гэрээслэлийг биелүүлж түүнийг аавынхаа шарилын дэргэд нутаглуулав
Нүүр зураг дээр: Австралийн армийн хамгийн залуу командлагч Чарльз Грийн эхнэрийн хамт. 1940-өөд он
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.