images

Испани: Каталон, баск, галиси хэлийг төрийн албан ёсны хэл болгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-21


   Испанийн парламент цаашид орон нутгийн каталон, баск, галиси хэлийг тус улсад испани хэлтэй хамт төрийн албан ёсны хэл болгон хэрэглэхээр хуульчилсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тус улсын Социалист хөдөлмөрийн намын (PSOE) гишүүн Хосе Рамон Бестейро парламентын түүхэнд анх удаа испани, галиси хэлээр ээлжлэн илтгэл тавьж “Энэ бол испаниас өөр хэлээр ярьдаг нутгийн иргэдийн төлөө хийсэн үйлдэл" гэсэн бөгөөд үүнийг орон даяар телевизээр шууд дамжуулж Төлөөлөгчдийн танхимын 350 гишүүнд синхрон орчуулга хийжээ. Ийнхүү тус улсын зүүн хойд хэсэгт орших Каталони, умард нутгийн Баск, баруун хойд нутгийн Галисиа мужид ярьдаг эдгээр хэлүүдийг төрийн албан ёсны хэл болгохыг хүлээн зөвшөөрсөн байна. Каталонийн автономит засгийн газар 2017 онд Испаниас салж, тусгаар тогтнохыг оролдсон нь эмх замбараагүй байдал бий болгож, төв засгийн газартайгаа томоохон зөрчилдөөн үүсгэж байв. Уг асуудал яриа хэлэлцээрийн замаар шийдэгдэж Испанийн Засгийн газар ч хандлагаа өөрчлөн тэдний хэлийг ийнхүү парламентад албан ёсоор ашиглахыг зөвшөөрсөн байна. Мөн Нийгмийн хөдөлмөрийн намын тэргүүлдэг зүүний эвслийн засгийн газар каталон хэлийг Европын холбоонд албан ёсоор ашиглахыг уриалав. Энэ өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Ерөнхий зөвлөлийн хурлаар даргалагч орон Испанийн хүсэлтээр каталон, баск, галиси хэлийг Европын холбооны албан ёсны хэл болгон оруулах эсэх асуудлыг мөн хэлэлцсэн байна. Одоогийн байдлаар тус улсад каталон хэлээр 9 сая, галиси хэлээр 3 сая, баск хэлээр 750 мянга орчим хүн ярьдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.