Тбилиси: Үхлийг зоригтой угтаж алдаршсан украин цэрэгт хөшөө босгожээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
Оросын цэргүүдэд олзлогдож, буудуулахынхаа өмнө эр зориг гаргаж буй бичлэг нь дэлхий дахинд тарснаар Украины баатар гэгдэн алдаршсан цэрэг Александр Мациевскийн хөшөөг Гүржийн нийслэл Тбилиси хотод босгожээ. Энэ мэдээг анх Харьковын үндэсний их сургуулийн профессор Юлия Овчаренко “Фэйсбүүк” хуудсандаа нийтэлснийг олон улсын хэвлэлүүд эш татан уламжилсан байна. Түүний бичсэнээр, Тбилисийн нэгэн эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал, мэс засалч, Украиныг тууштай дэмжигч Акаки Цилосани уг хөшөөг эмнэлгийнхээ хашаанд байрлуулжээ. Харин уг хөшөөг хэн, хэрхэн, хэзээ бүтээсэн талаарх мэдээлэл хомс байна.
Украин, Молдавын давхар иргэншилтэй А.Мациевский нь Украины дайн эхлэх үед Чернигов мужийн Нежин хотод цахилгаанчнаар ажиллаж байсан бөгөөд цэрэгт сайн дураараа явжээ. Улмаар мэргэн буучнаар бэлтгэгдэн Украины Зэвсэгт хүчний 163 дугаар ангид алба хааж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 30-нд Донецк мужийн Соледар хотын районд бусад дөрвөн алба хаагчийн хамтаар даалгавар биелүүлж яваад ангитайгаа холбоо тасарсан байна. Үүнээс гурван сар шахмын дараа буюу 2023 оны гуравдугаар сарын 6-нд дэлхий дахинд тарсан 12 секундын дүрс бичлэгт олзны украин цэрэг ойд ухсан өвдөгцөө нүхэнд тамхи татан тайван зогсож буйг үзүүлсэн бөгөөд орос цэргүүдэд маш тоомжиргүй хандаж буй түүнийг “Украин мандтугай!” гэж хэлмэгц тал талаас нь автомат буугаар буудан хороож буй нь бичигдсэн байв. Нүхний хажууд хүрз байсан болон бусад шинжээр уг нүхийг өөрөөр нь ухуулсан гэж үзэж болохоор байжээ. Тэрхүү цэргийн хэн болох талаар янз бүрийн таамаг тархсаар эцэст нь мөн оны хоёрдугаар сард Оросын талаас цогцсыг нь шилжүүлж авсан гурван цэргийн нэг Александр Мациевский мөн болохыг Украины Зэвсэгт хүчний мэргэжлийн алба тогтоосон билээ. Түүний хэн болохыг тогтоож нийтэд зарласан тэр өдөр буюу гуравдугаар сарын 12-нд Украины ерөнхийлөгч А.Зеленский А.Мациевскийд “Украин улсын баатар” цол нэхэн олгосон юм. Мөн Украины парламентын ордны хананд түүний дурсгалыг мөнхжүүлсэн самбар байрлуулсан бол тус улсын хэд хэдэн хотын гудамжийг түүний нэрээр нэрлэсэн байна. А.Мациевский эхнэр, нэг хүүтэй байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.