Түймэрт бүрэн шатсан Хавай арлын бэлгэдэлт мод дахин навчилж эхэлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
Өнгөрсөн сард ойн түймэрт өртөн сүйдсэн Хавайн Мауи арлын Лахайна тосгоны бэлгэдэл, 150 жилийн настай баньян модноос шинээр нахиа дэлбээлж, навчилж эхэлсэн нь оршин суугчдад түймрийн гамшгийг мартагдуулж шинэ итгэл найдвар төрүүлж байна. Тус арлын Байгалийн нөөцийн газрын (DLNR) цахим сүлжээнд уг модны шинээр навчилж буй дүрс бичлэгийг нийтэлж мэргэжилтнүүд үүнийг урт хугацаанд нөхөн сэргэхийн эерэг дохио гэж үзсэн тухай мэдээлжээ. Сүүлийн сар гаруйн хугацаанд модыг арчлан тордож байгаа мэргэжилтэн Крис Эмонти “Мөчир дээр анхны шинэ навчнууд нахиалж эхлэхэд би үнэхээр их догдолсон” гэжээ. Энэхүү модыг анх 1873 онд Энэтхэгээс авчирч Лахайна дахь протестант сүмийн 50 жилийн ойд зориулан тарьсан байна. Анх тарихад 2.4 метр орчим өндөртэй байсан бол 150 жилийн хугацаанд 20 орчим метр өндөр болж ургажээ. Гэвч өнгөрсөн сард гарсан их түймрийн улмаас мод бүхэлдээ шатаж нүүрс болсон бөгөөд дахин сэргэх эсэх нь тодорхойгүй байсан юм. Үүний дараа орон нутгийн модны мэргэжилтнүүд цугларч уг модыг амилуулахаар сар орчмын хугацаанд өдөр бүр 20-30 мянган литр усаар усалж, бордох зэргээр арчилж тордох болсон байна. Модны мэргэжилтэн, сайн дурын ажилтан Стив Нимс “Энэ мод нь хар салхи, гал түймэр гэх мэт хатуу ширүүн орчинд удаан хугацаанд тэсч үлдсэнийг бодоход, ирээдүйг өөдрөгөөр харж болохоор байна” гэсэн байна. Нэгэн цагт Хавайн вант улсын нийслэл байсан, жуулчдын сонирхлыг татсаар ирсэн энэ үзэсгэлэнт газар нэг шөнийн дотор бүрэн үнс нурам болж, 1830-аад оны үед баригдсан Болдвины гэр музей зэрэг түүхийн асар их үнэ цэнэтэй барилгууд шатсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.