Ослоор өөд болсон иргэний үхэлд “Google”-ийг буруутгаж шүүхэд ханджээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
АНУ-д “Google” газрын зургийн зам заагч ажиллуулан явж байгаад нурсан гүүрэн дээрээс унаж амиа алдсан иргэний ар гэрийнхэн “Google”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхэлдэг, хоёр хүүхдийн аав Филипп Пакссон өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр бага охиныхоо 9 насны төрсөн өдрийн үдэшлэгийг дуусгаад машинаа жолоодон “Google” газрын зураг дээрх зам заагчийн дагуу гэр лүүгээ харьж яваад, есөн жилийн өмнө нурсан гүүрэнд тулж машинаа зогсоож амжилгүй унаж амиа алдсан байна. Талийгаачийн ар гэрийнхэн уг гүүрний талаарх мэдээлэл “Google”-ийн газрын зураг дээр огт тэмдэглэгдээгүй байснаас ийм хэрэг болсныг хэлж, гомдлоо барагдуулахаар шүүхэд хандсан байна. Тэд гүүр нурсан тухай мэдээлсэн ойролцоох оршин суугчдын олон удаагийн дуудлага мэдээллийг нотлох баримт болгоод, иргэдээс ийм олон мэдээлэл явуулсан ч үүнийг “Google” газрын зураг дээрээ одоо болтол тусгаагүй байгааг онцлон хэлсэн байна. Осол болсон гүүр нь Хикори хотын ойролцоо байрладаг бөгөөд есөн жилийн өмнө нурсан ч түүнийг барьсан барилгын компани ямар ч хариуцлага хүлээлгүй сураг алдарчээ. Осол болох үед гүүрний эргэн тойронд анхааруулах тэмдэг, хаалт огт байгаагүйг баримтаар баталгаажуулсан байна. Талийгаачийн ар гэрийнхэн “Google”-ээс гадна гүүр болон ойр орчмын газрыг хариуцдаг менежмэнтийн компанийг мөн шүүхэд өгчээ. Үүний мөрөөр “Google” компани хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан Ф.Пакссоны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан хойно, шаардлагатай бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.