Америкийн зохиолчид хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компанийг шүүхэд өгөв
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
Америкийн олон ангит "Game of Thrones" киноны зохиолч Жорж Мартин тэргүүтэй алдартай зохиолчид хиймэл оюун ухаан хөгжүүлэгч “OpenAI”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Учир нь “OpenAI” томоохон хэмжээний хэлний модель бүтээх ажилдаа зохиолчдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж зохиогчийн эрхийг зөрчсөн гэж тэд үзсэн байна. "Rolling Stone" сэтгүүлийн мэдээлснээр, Америкийн Зохиолчдын холбоо бүтээл нь хулгайлагдсан 17 зохиолчийн нэрийн өмнөөс Нью-Йоркийн дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэнэ. Нэхэмжлэгч нарын дунд Жорж Мартин болон шилдэг борлуулалттай зохиолчид болох Жон Гришэм, Майкл Коннелли, Силвиа Дэй, Жонатан Францен, Виктор Лаваль, Роксана Робинсон, Жорж Сондерс, Скотт Туров нар багтсан байна. Тус холбоо цахим хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ “Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг хулгайн цахим номын сангаас татаж аваад ChatGPT болон бусад программуудыг ажиллуулдаг GPT-3.5, GPT-4-ийн бүтцэд хуулсан болох нь батлагдсан” гэжээ. Тэгвэл үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Мэри Разенбергер “Ийм төрлийн хулгайг зогсоох ёстой. Тэгэхгүй бол Америкийн бүтээлч салбарыг тэжээдэг уран зохиол устах болно" гэв. Улмаар уг нэхэмжлэлээс эерэг үр дүн гарч бүх зохиолчдод ашиг тусаа өгөх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.