Япон: Өндөр настнуудыг авч ажиллуулдаг кафе нэрд гарч байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-20
Насжилт өндөртэй Япон улсад зөвхөн Алцхеймерийн өвчинтэй өндөр настнуудыг авч нэг өдөр ажиллуулдаг кафе олны талархал хүлээж байгаа тухай “Washington Post” сонин мэдээлэв. Токио хотын баруун захын Сенгава дүүрэгт орших "Orange Day Sengawa" кафе нь сард нэг удаа "удаан үйлчилгээтэй" болж хувирдаг аж. Зөвхөн тэр өдөр нас өндөр, мартамхай болсон ажилчид нь захиалгын хуудсаа мартах, захиалсан хоолыг буруу ширээнд аваачиж өгөх зэрэг явдал энгийн үзэгдэл гэнэ. Заримдаа аяга ус захиалаад 15 минут хүлээх ч шаардлага гардаг ажээ. Гэхдээ энэ газрыг зорьж ирсэн үйлчлүүлэгчдийн хэн нь ч ингэсний төлөө гомдол гаргадаггүй. Харин ч зөвхөн өндөр настнууд ажилладаг тэр өдрийг сонгон үйлчлүүлэгчид олноор зорьж ирдэг аж. Энэ кафены эзэн уг газрыг худалдаж аваад удалгүй Сенгава дүүргийн захиргаатай хамтран ажиллаж, тус нутгийн Алцхеймерийн өвчинтэй өндөр настнуудыг ийнхүү авч ажиллуулах болжээ. Япон улсын хүн амын 20 гаруй хувийг 65-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд улмаар насжилтын асуудал ноцтой хэмжээнд хүрч 10 хүн тутмын гурав нь 65-аас дээш насныхан болсон байна. Үүнээс улбаалан энэ төрлийн өвчнөөр шаналсан өндөр настнууд ч нэмэгдсээр байгаа аж. Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсад 6 сая гаруй ийм өндөр настан бий гэсэн тооцоо гаргажээ. Энэ тоо 2025 онд 7.3 саяд хүрэх төлөвтэй байна. Ийм хүмүүсийг эмнэлэг болон гэрт хорьж тусгаарлахгүйгээр сэтгэцийн болон бие бялдрын хувьд идэвхтэй байлгах ёстойг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Тус кафе чухам ийм зорилгоор энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ажээ. Эдгээр өндөр настнууд шинэ хүмүүстэй харилцаж, өдрийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрөөх нь өвчний явцыг удаашруулна гэж WP сонин тайлбарлаж байна. Тус кафе анх 2017 онд нээгдсэнээс хойш Япон даяар ихэд алдаршжээ. Кафед ажилладаг 85 настай Тошио Морита гуай "Энд ажиллах нь надад үнэхээр таалагддаг. Зөвхөн энд байх нь намайг дахин залуужуулдаг" гэжээ. 16 настай охиныхоо хамт тус кафед зочилсон 48 настай үйлчлүүлэгч Томоми Арикава өндөр настан өөрт нь үйлчилж байхыг хараад аавтайгаа өнгөрүүлсэн мөчүүдээ санан уйлах шахсан тухайгаа WP сонинд ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.