images

Таксины жолооч орлогоо хураасаар эмзэг бүлгийнхэнд хандивлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-20


   Өмнөд Солонгосын Кванжу хотод төрийн албанаас тэтгэвэртээ гарсан таксины жолооч нэг жилийн хугацаанд олсон ашгийнхаа тодорхой хувийг хуримтлуулж, орон нутгийн халамжийн байгуулагад хандивласан байна. Тус хотын Квансан дүүргийн албаны хүний мэдээлснээр хувийн таксины жолооч 61 настай Пак Юн Сок удахгүй болох Ургацын баярыг угтан оршин суугаа орон нутгийнхаа нийгмийн халамжийн төвд 1 сая 200 мянган вон хандивласан байна. Пак төрийн албанд 30 жил ажилласны эцэст өнгөрсөн оны долоодугаар сард тэтгэвэртээ гарч хувийн такси үйлчилгээнд явж эхэлжээ. Тэрбээр өдөр бүр эхний үйлчлүүлэгчээс авсан орлогоо цуглуулж хуримтлуулсаар “Хөршүүддээ туслах сан” нэрээр дээрх мөнгийг хураасан байна. Улмаар хандивын мөнгийг “Together Gwangsan” халамжийн сангаар дамжуулан Үннам дүүргийн эмзэг бүлгийнхэнд ургацын баярын хишиг болгон түгээхээр болжээ. Тэрбээр “Би эмзэг бүлгийн хүмүүсийн төлөө  ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдээд таксинаас олсон анхны үйлчлүүлэгчийн орлогоо үрж хэрэглэлгүй хураахыг зарчим болгосон” гэжээ. Улмаар “Хурааж цуглуулсан жаахан мөнгө минь эмзэг бүлгийн гачигдалтай хүмүүст тус нэмэр болох аваас үүнээс илүү баяр баясгалан үгүй” хэмээн өгүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.