Reuters: Украины сөрөг довтолгоо чухал амжилт оллоо
Анд нөхдийн мэдээ
2023-09-19
Украины зүүн фронтын нэг хэсэг болох Донецк мужийн Бахмут хотын ойролцоох Клещевка тосгоныг украинчууд хэдэн сарын турш тулалдсаны эцэст эргүүлэн авлаа. Украины армийн командлагч Александр Сирский энэ тухай “Telegram”-аар мэдээлсэн бөгөөд энэхүү байлдааны ажиллагаанд Украины тавдугаар бригад, агаарын довтолгооны 80 дугаар бригад оролцсон байна. Тэд тосгоны сүйрсэн сүмийн барилгын өмнө төрийн далбаагаа барьсан украин цэргүүдийн бичлэгийг цахимд нийтэлжээ. Уг бичлэгийг байршуулсан хүн "Оросууд зэвсэг техникээ орхин зугатсан" гэжээ. Бахмутаас өмнө зүгт 9 км-ийн зайд орших энэхүү тосгон нь Оросын эсрэг довтолж байгаа Украины хувьд стратегийн чухал газар гэж тооцогддог ажээ. Тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Илья Евлаш Клещевка хотыг эргүүлэн авах ажиллагааны үеэр Чечений тусгай хүчний “Ахмат” батальон болон Оросын хоригдлуудаас бүрдсэн “Шторм-З” анги их хэмжээний хохирол амссан гэж мэдэгджээ. "Бид одоо довтолгоогоо үргэлжлүүлж, газар нутгаа түрэмгийлэгчдээс чөлөөлөх стратегийн байр суурьтай боллоо" гэж тэр онцолсон байна. “Клещевкаг эргүүлэн авсан нь Украин зургаадугаар сард томоохон сөрөг довтолгоо эхлүүлснээс хойш хийсэн маш чухал амжилтуудын нэг” хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэ талаар ОХУ албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэлдээ зөвхөн цэргүүд Клещевкагийн ойролцоо довтолгоогоо үргэлжлүүлж байгааг дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.