Гэртээ амарч байсан гал сөнөөгч 16 давхраас унах гэж байсан хүнийг аварчээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
Өмнөд Солонгосын Жонбүк хотын Гал түймэртэй тэмцэх газрын гал сөнөөгч Нам Ки Ёп энэ сарын 16-ны амралтын өдөр гэртээ амарч байтал эсрэг талын байрнаас хүний хашгирах чимээ сонсогдсон байна. Гал сөнөөгч Нам цонхоор харвал 20 орчим насны эмэгтэй орон сууцны 16 давхрын тагтнаас гараараа зууран дүүжлэгдсэн байгааг олж харжээ. Тэрбээр шууд гарч гүйн тус айлд очиж хаалганы хонхыг нь дарахад дотор нь хүн байхгүй бололтой, онгойлгож өгөхгүй байсан аж. Улмаар даруй доод талынх нь айлаар дамжин тагтан дээр гарч уг эмэгтэйг аварсан байна. Жонбүк хотын Гал түймэртэй тэмцэх газрын ажилтан, гал сөнөөгч Нам нь 2008 оны нэгдүгээр сард гал сөнөөгчөөр ажилд орсон бөгөөд 15 жилийн турш гал түймэр унтраах, яаралтай нөхцөлд аврах ажиллагаанд оролцож ажил үүргээ сайн биелүүлж ирсэн ажээ. Тэрбээр 2021 онд Сүнчан хотын гал түймэртэй тэмцэх газарт ажиллаж байхдаа ажлаа тараад харьж явах замд нь ойролцоох орон сууцнаас утаа гарч байгааг харж даруй дуудлага өгөөд өөрөө мөн очиж дуудлагаар ирсэн гал сөнөөгчдийн хамт галыг унтрааж байжээ. Тагтнаас унах гэж байсан эмэгтэйг аварсан тухайгаа тэрбээр "Өндөрт дүүжлэгдээд удаан тэсэх боломжгүй гэдгийг би мэддэг тул яаралтай очиж уг хүнийг аврах ёстой гэж бодсон” гэжээ. Мөн 15 давхраас 16 давхар руу авирахад толгой нь эргэж, амаргүй хүнд байсан тухай өгүүлсэн байна. Эцэст нь тэрбээр “Би эрдэнэт хүний амь насыг аварч чадсандаа маш их баяртай байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.