Илон Маскийг Украины дайнд нөлөөлсөн хэргээр шалгана
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
АНУ-ын Сенат “SpaceX” хувийн сансрын компанийг удирдаж буй Илон Маскийг Украины дайнд хөндлөнгөөс оролцож нөлөөлсөн хэргээр хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргажээ. Тэрбээр тойрог замын хиймэл дагуулын холбооны үйлчилгээ болох “Starlink” холбооны сүлжээг түр хааж, үүнээс болж Оросын эсрэг Украины цэргийн ажиллагаа саатсан эсэхийг шалгах ажээ. Саяхан хэвлэгдэж гарсан "Илон Маск" хэмээх номонд тэрбээр өнгөрсөн онд Украины нисэгчгүй шумбагч онгоц Оросын тэнгисийн цэргийн флот руу дайрах үед үүнийг зогсоохын тулд Крымын хойгийн эргээс холгүй байрлах “Starlink” хиймэл дагуулын холбооны сүлжээг хаах үүрэг өгч байсан тухай өгүүлсэн байдаг. Дэлхийг хиймэл дагуулын интернэтээр холбосон “Starlink” улам хүчирхэгжиж, Украины дайны үр дагаварт хүртэл нөлөөлөх болсон тул АНУ-ын улс төрчид “Хувийн нэг компани АНУ болон дэлхийн аюулгүй байдалд хэт их нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд холбогдох зохицуулалт шаардлагатай байна” гэж тэмдэглэсээр байна. Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Жэк Рид энэ өдөр хийсэн мэдэгдэлдээ "АНУ-ын үндэсний аюулгүй байдлын талаар Илон Маск ч, өөр хэн ч онцгой эрх эдлэх ёсгүй" гээд "Зэвсэгт хүчний хороо энэ асуудлыг бүх талаас нь идэвхтэй судалж байна" гэжээ. Мөн үүнээс гадна Сенатын Зэвсэгт хүчний хорооны гишүүн Батлан хамгаалахын сайд Ллойд Остинд захидал илгээж, И.Маск өнгөрсөн жил “Starlink”-ийг идэвхгүй болгох заавар өгсөн эсэх талаар мэдээлэл авахыг хүссэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.