images

Солонгос эрдэмтэн өвчин оношилдог жорлонгийн суултуур зохион бүтээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-18


   Харвардын их сургуулийн шинжлэх ухааны хошин сэтгүүл болох “Annals of Improbable Research” тус сургууль дээр “Ig Nobel” шагнал гардуулах ёслол хийж, хими, геологи, уран зохиол, механик инженерчлэл, нийгмийн эрүүл мэнд зэрэг 10 салбарын шилдгүүдийг тодруулсан байна. Эдгээрээс нийгмийн эрүүл мэндийн салбарт Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн солонгос гаралтай доктор Пак Сын Мин шалгарчээ. Тэрбээр хүнийг өтгөний сүвний хэлбэрээр нь ялган, ялгадсын байдалд нь дүн шинжилгээ хийж өвчнийг оношилдог жорлонгийн суултуур зохион бүтээсэн бөгөөд энэ бүтээлээрээ энэ жилийн “Ig Nobel” шагнал хүртсэн байна. Доктор Пак хэлэхдээ "Хүний ялгадсыг хурдан шинжилж, хянахын тулд шээсний шинжилгээ хийх сорил, өтгөний шинжилгээ хийх компьютерийн дүрсний систем, шулуун гэдсийг шинжлэх мэдрэгчтэй холбогдсон таних камер зэрэг төрөл бүрийн шинэ технологиудыг ашигласан” гэжээ. Түүний зохион бүтээсэн суултуур нь өтгөний хэлбэр байдлыг шинжилж, хорт хавдар, ходоодны үрэвслийн шинж тэмдгийг илрүүлэх чадвартай бөгөөд шээсэнд глюкоз эсвэл цусны улаан эс байгаа эсэхийг хүртэл шинжлэх боломжтой гэнэ. Хурууны хээний нэгэн адил сүвний хэлбэр хүн бүрт өөр өөр байдаг ажээ. Мөн тэрбээр Британийн PA агентлагт өгсөн ярилцлагадаа "Бидний хувийн орон зай гэж тооцогддог ариун цэврийн өрөө нь бидний эрүүл мэндийн чимээгүй манаач болох боломжтой" гэсэн байна. Механик инженерийн шагналыг Энэтхэг, Хятад, Малайз, АНУ-ын судлаачид хүртжээ. AIR сэтгүүл нь жил бүр Нобелийн шагналыг зарлахаас өмнө сонирхолтой, шинэлэг шинжлэх ухааны судалгаа хийсэн судлаачдад “Ig Nobel” шагналыг олгодог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.