Япон: 100-гаас дээш настай хүний тоо нэмэгдсээр 92 мянга болов
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам есдүгээр сарын 18-нд тохиох "Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх өдөр"-ийг угтан 100-аас дээш настай хүмүүсийн тоог зарласныг үзвэл өнөөдрийн байдлаар тус улсад зуугаас дээш настай 92139 хүн байгаа ажээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1613-аар нэмэгдсэн тоо бөгөөд тус улсад 100 болон түүнээс дээш насны хүн ам сүүлийн 53 жил дараалан нэмэгджээ. Энэ тоо 1998 онд 10 мянга, 2012 онд 50 мянга давж, өнөөдөр ерэн мянга гаруй болоод буй нь энэ юм. 100 ба түүнээс дээш насны ахмадуудын дотор 81589 эмэгтэй байгаа нь 88.5 хувийг эзэлж байна. Баруун Хоншюүгийн Шиманэ муж хамгийн олон зуугаас дээш настантай мужаар тодорчээ. тэгвэл нийслэл Токио хотын нутаг дэвсгэр хамаардаг Сайтама мужид 100-гаас дээш настай хүн хамгийн бага тоологдсон байна. Энэ тухайд “Yomiuri Shimbun” сонинд бичихдээ “100-гаас дээш насны хүмүүсийн эзлэх хувь хөдөө орон нутагт өндөр байдаг бол хөдөлмөр эрхэлдэг хүн ам, хүүхэд ихтэй томоохон хотуудад хамгийн бага байна” гэжээ. Тус улсын хамгийн өндөр настай хүнээр Осака мужийн Кашивара хотод амьдардаг 116 настай Тацүми Фүса гэх эмэгтэй тодорсон байна. Хамгийн өндөр настай эрэгтэй нь Чиба мужийн Татейама хотод амьдардаг 111 настай Кисабүро Сонобэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.