Төрсөн өдрөө дэлхий даяар тэмдэглэсэн шинэ зеланд залууд юу тохиолдов?
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
21 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй Шинэ Зеланд улсын иргэн Жэк Спарроу гудамжинд байрлуулсан мэндчилгээний самбараас болж дэлхийн өнцөг булан бүрээс огт танихгүй хүмүүсээс төрсөн өдрийнхээ мэндчилгээ хэдэн зуугаар хүлээн авсан ер бусын явдал болжээ. Үүний шалтгаан нь тэрбээр “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны гол дүртэй ижил нэртэй байснаас болов. Мөн түүний ажилладаг компанийн захирал Брэндэн Дэй түүнд төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барих гэж, өөрт нь хэлэлгүй гудамжны сурталчилгааны самбар дээр мэндчилгээ байршуулж “Өнөөдөр Жэк Спарроугийн 21 насны төрсөн өдөр. Та бүхэн түүнд баярын мэнд хүргэнэ үү” хэмээн бичиж, түүний зураг болон гар утасны дугаарыг үлдээжээ. Ж.Спарроу "Би юу болоод байгааг ойлгохоо больсон. Өглөө босоод аав, ээж, найз нөхдөөсөө төрсөн өдрийн мэндчилгээ хүлээж аваад байж байтал удалгүй үл таних дугааруудаас ар араасаа мэндчилгээний үгс болон утасны дуудлага хөвөрч эхэлсэн" гэжээ. Уг самбарыг харсан хүмүүс мессэж илгээх, утсаар ярих зэргээр баяр хүргэж байсан бөгөөд хэн нэгэн нөгөө самбарт байршуулсан мэндчилгээний зургийг дарж цахим орчинд нийтэлснээр агшин зуур дэлхий даяар таржээ. Удалгүй залууд Австрали, Их Британи, Герман болон Азийн орнуудаас мессэж, дуут мессэж, дуудлага хөвөрч эхэлсэн байна. Сүүлдээ тэрбээр мэндчилгээ ирүүлсэн хүмүүсээс учрыг нь лавлаж олоод, самбар байршуулсан газарт зорьж очин өөрөө буулгажээ. Адал явдал үүгээр зогссонгүй. Нийтийн эзэмшлийн сурталчилгааны самбар буулгасан хэргээр цагдаа нар ирж түүнд шаардлага тавьсан байна. Цагдаа нарт учраа тайлбарлаж хэлээд гэртээ эргэж ирэх хооронд хэт их ачааллаас болж утасных нь батерей дуусаж унтарчээ. Утсаа тэр чигээр нь асаалгүй цэнэглэж орхиод шөнө орой болсон хойно асааж үзтэл нэмж 500 гаруй мессэж, 30 гаруй дуудлага, мөн олон тооны дуут мессэж ирсэн байжээ. Хамгийн сайхан нь дэлхийн өнцөг булан бүрээс олон гайхалтай, сэтгэл хөдөлгөм мэндчилгээ, контент ирсэн ажээ. Бүр англи, испани, герман, хятад зэрэг олон хэлээр мэндчилгээ ирж, зарим хүмүүс өөрийн дуу хоолойгоор дуу дуулж, мөн хэсэг залуус оффис дээрээ төрсөн өдрийн дуу дуулж баяр хүргэсэн бичлэг хүртэл илгээсэн байв. Тэр олон танихгүй хүмүүс бүгд чин сэтгэлээсээ мэндчилгээ ирүүлсэн байсанд Спарроугийн сэтгэл ихэд хөдөлсөн тухайгаа ярьсан байна. "Төрсөн өдөр өнгөрсөн хэр нь одоо хүртэл түүнд мессэж ирсээр байгаа аж. Энэхүү өвөрмөц бэлгийг түүнд барьсан захирал “Ж.Спарроу нэгэн цагт надаас "өшөө авах" байх. Би тэндээс амьд гарч чадах эсэхээ мэдэхгүй байна” хэмээн хошигножээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.