images

Дэлбэрэлтэд өртөж хараагүй болсон украин цэргийн хайр сэтгэлийн түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-18


   Оросын дайралтын үеэр дэлбэрэлтэд өртөж хараагүй болсон украин залуу Иван Сорока хуримаа хийлээ. Энэ өдрийг хүртэл тэрбээр хүндхэн цаг мөчүүдийг туулжээ. Тулалдаж яваад хараагүй болмогоцоо тэрбээр хамгийн түрүүнд “Одоо би хэнд ч хэрэггүй боллоо” гэсэн байна. Гэвч хайртай бүсгүй Владислава Лиавец нь түүнийг орхисонгүй, үргэлж дэргэд нь байсаар ийнхүү тэд айл гэр болжээ.

   Тэдний хайр сэтгэлийн түүх ер бусын сонин. Орос, Украины дайны гал ид дүрэлзэж байхад тэд танилцжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тухайн үед цэргийн эмнэлэгт уушгины хатгалгаа өвчнөөр эмчлүүлж байсан цэрэг Сорока интернэтээр танилцах групп дотроос Лиавец бүсгүйг олж хараад түүн рүү мессэж бичсэнээр тэдний хайр сэтгэлийн түүх эхэлсэн аж. Түүнээс хойш зургаан долоо хоногийн дараа богино хугацааны чөлөөгөөр гарсан цэрэг Сорока хамгийн түрүүнд хайртай бүсгүйгээ зорьж очиж уулзан түүнд мөнхийн хайрыг амлаж, сүйн бөгж бэлэглэжээ. Удалгүй Сорока хамгийн ширүүн тулаан болж байсан Донецк мужийн Бахмут хотод очсоноор эмгэнэлт явдал эхэлсэн байна. Мөн оны наймдугаар сарын 2-нд Хорливка тосгоны ойролцоо тулалдаж байхдаа Сорока Оросын бөмбөгдөлтөд өртөж, нүд нь бөмбөгний хэлтэрхийд оногдсоноос гадна хөл нь хүнд гэмтсэн байна. Ингээд тэрбээр нэг жил гаруй эмнэлэгт эмчлүүлж байх хооронд Лиавец бүсгүй амралтын өдөр болгон түүнийг эргэж ирж зовлон, шаналалтай өдрүүдийг нь хамтдаа туулдаг байжээ. Тэд Сорокагийн хараа сэргэнэ гэж их найдаж байсан ч хүссэнээр болсонгүй. Тэр үед бүсгүй нь Сорокад “Бидний хайр сэтгэлд юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн ганцхан үг хэлсэн нь  түүнийг хөл дээр нь босгосон байна. Хуримын ёслол олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн ер бусын сайхан болж өнгөрчээ. Сорокагийн эмээ Наталья "Ач хүү минь ийм гоо сайхныг өдөр бүр харж чадахгүй байгаа нь харамсалтай. Гэвч түүнд минь ийм нандин бүсгүйг өгсөн бурханд талархаж байна" хэмээн баяр хөөрөө хуваалцжээ.

Цэрэг Сорока армид алба хааж байхдаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн зураг

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.