Украины сурагчид аюулгүй байдлын үүднээс метроны буудал дотор хичээллэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-09-07
Украинд сурагчдыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор метроны буудлуудад хичээлийн танхим нээжээ. Үүний дагуу энэ хичээлийн жилээс эхлэн сурагчид сургуульд биш, метроны буудалд хичээллэх болж байна. Энэ хичээлийн жилийн сургуулийн нээлтийн ёслол өнгөрсөн 1-ний өдөр Украины хоёр дахь том хот болох Харьковын метроны буудалд болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ-ын дайралт эхэлснээс хойш Украин даяар 1300 сургууль бүрэн сүйрчээ. Үүний үр дүнд олон сурагчдын сурч боловсрох эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа тухай мэдээлсэн байна. Хэдийгээр ихэнх сургуулиуд агаарын дайралтаас хамгаалах байртай ч сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс тус улсын боловсролын байгуулагын удирдлагууд ийм шийдвэр гаргаснаа тайлбарлажээ. Ийнхүү метроны буудалд байгуулсан байр нь нийт 60 гаруй хичээлийн танхимтай бөгөөд 1000 гаруй сурагч хүлээн авах боломжтой аж. Энэ тоо нь мэдээж Харьковын нийт сурагчдын 1 хувьд ч хүрэхгүй хүүхдүүдээ танхимаар хичээллүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу ийм арга хэмжээ авснаа хотын удирдлагууд тайлбарлаж байна. Харьков хотын дарга Игорь Тереков “Бид НҮБ-ын Хүүхдийн сан болон санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр жинхэнэ сургуулийн орчин бүрдүүлж анги танхимуудыг бэлтгэсэн” гэжээ. Өнгөрсөн хугацаанд үргэлж зайнаас суралцаж ирсэн хүүхдүүдэд танхимийн сургалт ихээр үгүйлэгдэж байсан тухай эцэг эхчүүд ярьж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.