images

Эрнест Хэмингуэйн сонирхолтой захидал дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-06


   Америкийн зохиолч Эрнест Хэмингуэйн (1899-1961) захидлыг дуудлага худалдаагаар 237,055 доллараар худалдсан тухай “New York Times” сонин мэдээлэв. Дуудлага худалдаагаар зарагдсан уг захидалд 1954 онд тэрбээр Африкт хоёр удаа дараалан онгоцны осолд орсон тухайгаа өгүүлсэн байна. Тухайн үед 55 настай байсан Хэмингуэй дөрөв дэх эхнэр Мэри Уэлштэйгээ Зүүн Африкт, тэр дундаа Конго, Кени, Руанда зэрэг орнуудад сафари аялал хийж байжээ. Тэднийг тээвэрлэж явсан хөнгөн онгоц тухайн оны нэгдүгээр сарын 23-нд цахилгааны утсанд орооцолдон матраар дүүрсэн Нил мөрний эргийн ширэнгэн ойд унажээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хемингуэйг онгоцны ослоор нас барсан гэж мэдээлж байсан байна. Тэднийг ширэнгэн ойд хоносны маргааш нь жуулчдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц аварсан бөгөөд тэндээс буцахаар дахин онгоцонд суужээ. Гэтэл түүний суусан онгоц хөөрөх үедээ шатаж, газар мөргөснөөс дэлбэрсэн байна. Эхнэр нөхөр хоёр хүнд бэртэл авсан ч амьд үлджээ. Дуудлага худалдаагаар зарагдсан уг захидалд энэхүү ослын тухай, мөн түүний өдөр тутмын амьдралын тухай өгүүлсэн байгаа аж. Тэрбээр мөн тухайн оны дөрөвдүгээр сарын 17-нд Италийн Венец хотын нэгэн зочид буудалд тухайн үеийн нөхцөл байдлын тухай дөрвөн хуудас бичгийн цаас дүүртэл бичиж өмгөөлөгч Альфред Райсдаа хүргүүлсэн байна. Уг бичигт тэрбээр "Миний баруун бөөр болон элэг хүнд гэмтсэн. Мөн баруун гар гуравдугаар зэргийн түлэгдэлттэй, мөн хуруу бас түлэгдсэнээс ясандаа тултал янгинан өвдөж байгаа тул их юм бичиж чадахгүй байна” гэх мэтээр биеийн байдлынхаа тухай бичжээ. Мөн арслан агнаж явахдаа амиа алдах шахсан тухайгаа ч өгүүлсэн байна. Өнгөрөгч сарын 31-нд болсон дуудлага худалдаагаар захидлын анхны үнэ 19250 доллараас эхэлж хэд дахин нугарсан үнээр борлуулагджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.