images

Нобелийн шагналт тэмцэгчийг яллах гэж буйд НҮБ санаа зовж буйгаа илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-06


   Бангладешийн ядуурлыг эсрэг тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт Мухаммед Юнусыг хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж, яллах гэж байгаад НҮБ санаа зовж буйгаа илэрхийлэв. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани сэтгүүлчидтэй уулзахдаа "Нобелийн энх тайвны шагнал хүртсэн М.Юнус бараг 10 жилийн турш дарамт шахалт, заналхийлэлд өртсөн" гээд Бангладешийн Засгийн газар хүний ​​эрхийн төлөөх бүлгүүдийн шүүмжлэлтэй үзэл бодлыг дуугүй болгохын тулд шүүхийн үйл явцыг ашиглаж байгааг онцолон шүүмжилсэн байна. Юнус ядууст барьцаагүй жижиг зээл олгодог “Grameen” банкийг үүсгэн байгуулсан бөгөөд үүний төлөө 2006 онд Нобелийн энх тайвны шагнал хүртээжээ. Гэвч тэрбээр 2007 онд эрх баригч намыг эсэргүүцэх улс төрийн нам байгуулах гэж оролдоход хуулийн байгууллага түүнийг шалгаж, улмаар 2011 онд банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгасан байна. Өнгөрсөн тавдугаар сард тус улсын Авлигатай тэмцэх хороо түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “Grameen Telecom” компаниас мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тус улсад ирэх оны нэгдүгээр сард бүх нийтийн сонгууль болно. Юнусаас гадна сөрөг хүчний зүтгэлтнүүд болон сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан хэд хэдэн тохиолдол гарч байгаа нь Ерөнхий сайд Шейх Хасина тэргүүтэй одоогийн эрх баригч нам шүүмжлэлтэй хандсан хүмүүсийг дуу хоолойг дарахын тулд шүүхийн арга хэрэгслийг ашиглаж байна гэсэн шүүмжлэл гарч байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сөрөг хүчин болох Бангладешийн үндсэрхэг намын (BNP) хоёр удирдагчийг баривчилсан бол энэ оны хоёрдугаар сард тус намын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард нэгэн сонины сурвалжлагч инфляцийн талаар нийтлэл бичсэнийхээ төлөө баригджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.