Евгений Пригожин амь насанд нь халдахаас сэргийлж маш хянуур ажилладаг байжээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-31
Ерөнхийлөгч В.Путины эсрэг зэвсэгт бослого гаргахыг оролдоод хоёр сарын дараа онгоцны ослоор амиа алдсан Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин амьд ахуйдаа аллагад өртөх эрсдэлийг мэдэрч, бэлтгэлийн нарийн арга хэмжээ авч байжээ. Америкийн өдөр тутмын “Wall Street Journal” сонин “FlightTrader 24” агаарын хөлгийг хянах үйлчилгээнээс авсан 2020 оноос хойшх Е.Пригожины нислэгийн бүртгэлд дүн шинжилгээ хийснээр ийм дүгнэлт хийсэн байна. Тэрбээр амь насанд нь халдахаас сэргийлж хувийн онгоцондоо хамгаалалтын янз бүрийн хэрэгсэл суурилуулж, нислэгийн хяналтад орохгүй байх арга хэмжээг тухай бүр авдаг байжээ. Түүний байнга хөлөглөдөг хувийн онгоц бол Бразилд үйлдвэрлэсэн "Embraer Legacy 600" тийрэлтэт онгоц байв. Москвагийн зүүн хойд зүгт орших Чкаловскийн агаарын цэргийн бааз эсвэл ойролцоох иргэний нисэх онгоцны буудлаас ихэвчлэн нисдэг түүний онгоцууд нислэгийн замдаа мөрдлөгөөс зайлсхийхийн тулд агаарын хөдөлгөөний удирдлагын автомат хариулах төхөөрөмжөө байнга унтраадаг байсан аж. Хуурамч паспорт эзэмшдэг онгоцны үйлчлэгч нар заримдаа хөөрөхийн өмнөхөн зорчигчдын нэрсийн жагсаалтыг өөрчилдөг эсвэл нислэгийн үеэр удирдлагын төвд хандан очих газраа гэнэт өөрчилдөг байсан аж. Тэрбээр Вагнерийн хөлсний цэргүүд байрлаж байсан Африкийн улсууд руу явахдаа хоёроос гурван онгоцыг солих зэргээр маш хянуур ажилладаг байв. Е.Пригожин Москвагийн агаарын цэргийн хүчний бааз эсвэл Оросын армитай холбоотой бусад цэргийн нисэх онгоцны буудлуудыг ашиглахаа больсон бөгөөд Онцгой байдлын яамнаас өгсөн Засгийн газрын онгоцыг ч мөн ашиглахаа больсон байжээ. Өнгөрсөн наймдугаар сард Африкт хийсэн сүүлчийн аялалдаа тэрбээр Москвагаас 30 гаруй км-ийн зайд байрлах хувийн нисэх онгоцны буудлыг ашигласан бөгөөд онгоц хөөрөхийн өмнөхөн зорчигчдын жагсаалтад нэрээ оруулжээ. Энэ мэтээр машид хянуур, нямбай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч тэрбээр амьд үлдэж чадсангүй. Тэрбээр Африкт хийсэн сүүлчийн аяллаасаа буцаж ирээд 23-ны өдөр Москвагаас төрөлх хот Санкт-Петербург руугаа нисэж яваад осолдсон билээ. Оросын эрх баригчид ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн ч ослын шалтгааныг хараахан зарлаагүй байна. Мөн осол болсон газрыг хамгаалах олон улсын аюулгүй байдлын дүрмийг үл тоомсорлож, ослын газрыг бульдозероор түрж тэгшилсэн хэмээн WSJ мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.