Агаарт гацсан дүүжин тээврийн зорчигчдыг 12 цагийн дараа осолгүй буулгав
Анд нөхдийн мэдээ
2023-08-24
Пакистан улсын баруун хойд хэсэгт орших Хайбер-Пахтунхва мужийн уулархаг бүсэд энэ сарын 22-ны өдөр 8 зорчигч тээвэрлэж явсан дүүжин тээврийн олс тасарч зогссон бөгөөд 274 метрийн өндөрт гацсан 10-16 насны зургаан хүүхэд, хоёр том хүнийг 12 цагийн дараа аюулгүй буулгасан байна. Энэ тухай ВВС суваг нисгэгчгүй онгоцоор авсан дүрс бичлэгийг нийтэлсэн бөгөөд нисдэг тэрэг ирж аврах ажиллагаа явуулж буй байдлыг харуулжээ. Тэдгээр хүүхдүүд хичээлдээ явж байсан дунд сургуулийн сурагчид байжээ. Цэргийнхэн болон цахилгаан холбооны мэргэжилтнүүд аврах багт орж ажилласан байна. Хавцалд суурилуулсан дүүжин тээвэр нь дунд сургууль байрладаг Жангри тосгон болон Батангэ тосгоныг холбосон хамгийн дөт тээврийн хэрэгсэл ажээ. Уулын замаар хоёр цаг гаруй тойрох зайд дүүжин тээврээр 4 минут явдаг тул өдөрт 150 орчим сурагч хичээлдээ энэ замаар ирж очдог гэнэ. Тус дүүжин тээврийн холбогдох албаны хүмүүсийг хариуцлагад татан шалгаж байна. Энэ хэргийн дараа тус улсын ерөнхий сайд Анвар Ул-Хак Какар улс даяар дүүжин тээврийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийхийг тушаажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.