Тэйлор Свифтийн тоглолтын хамгаалалтын ажилтан ажлаасаа халагджээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-24
Дуучин Тэйлор Свифтийн тоглолтын хамгаалалтын албанд ажилласан ажилтан халагдсан тухай “New York Post” сонин мэдээлэв. Тодруулбал, Калвин Денкер хэмээх хамгаалагч нь зургаадугаар сард Миннеаполис хотод болсон Т.Свифтийн тоглолтын хамгаалалтанд ажиллаж, үзэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тоглолтын тайз руу биш үзэгчдийн зүг харан зогсох албатай байжээ. Гэвч тэрбээр шүтэн биширдэг дуучныхаа тайз руу эргэн харж, дууг нь даган дуулж буй бичлэг TikTok зэрэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж олны анхааралд өртжээ. TikTok дээр үзэгчдийн байршуулсан түүнийг бичлэгийг 2.9 сая гаруй удаа үзсэн байна. Тэрбээр энэ тухай өөрийн TikTok дээр тухайн үеийн нөхцөл байдлыг тайлбарласан бичлэг нийтэлсэн боловч компанийн удирдлага нь үүнийг хүлээж авсангүй. К.Денкер "Би таван жилийн өмнө Свифтийн тоглолтыг анх үзсэн. Тэр үедээ хамгаалалтын ажилтнууд түүнд их ойрхон ажилладаг болохыг олж мэдээд байдгаараа хичээн байж алдарт дуучны хамгаалалтын албанд ажилд орж чадсан. Тэнд ажиллах нь миний мөрөөдөл байсан. Үндсэн ажлаа умартан тайз руу эргэн харж тоглолт үзсэн нь миний буруу” хэмээн уучлал хүсчээ. Гэвч компанийн зүгээс түүнийг өөр зүйлээр буруутгасан байлаа. Тэрбээр тоглолт эхлэхээс өмнө үзэгчдэд хуудас цааснууд тараажээ. Тэрхүү цаасан дээрээ өөрийн утасны дугаар бичээд “Свифт миний ард ойрхон ирэх үед бичлэг хийж, зургийг минь дарж миний утсаар илгээж өгнө үү” гэсэн хүсэлт бичсэн байжээ. Үзэгчид ч түүний хүсэлт ёсоор олон зураг, бичлэг илгээсэн байна. Улмаар тэдгээр зураг, бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь ажлаасаа халагдах шалтгаан болжээ. Компанийн зүгээс түүнийг халсан шалтгаанаа тайлбарлахдаа "Денкер нь Тейлор Свифтийн тоглолтод ажиллаж байхдаа үзэгчдээс зураг авч, бичлэг хийж өгөхийг хүссэн нь журамд харшилсан” гэжээ. Денкер үүнд гомдолтой байгаагаа илэрхийлж “Би дүрмийн дагуу үзэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан" гээд халагдсандаа харамсаж байгаагаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.