images

Хөвсгөл нуурын орчимд их цэвэрлэгээ хийж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-08-24


   Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЮНЕСКО-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран наймдугаар сарын 22-ноос 29-ны хооронд Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажил зохион байгуулж байна. Уг их цэвэрлэгээг нутгийн иргэд, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хамтран хоёр дахь жилдээ хийж буй нь энэ юм. Одоогийн байдлаар тэд Хөвсгөл нуурын зүүн эрэг, Хүслийн хад, Зурвас, Загасан тохойн отоглох цэгийг бүрэн цэвэрлээд байна. Тухайлбал, өчигдөр нуурын зүүн эргийн Алагцарын голыг цэвэрлэхэд “Алагцар”, “Цагаан-Уул тур”, “Эртний далай” жуулчны газрууд хамтран, хогийг тээвэрлэх автомашины түлшний зардлыг гаргажээ. Мөн Сомоо сарьдаг буюу Хүслийн хад орчмыг тэр хавьд гар урлалын худалдаа эрхлэгчид цэвэрлэсэн байна. Тэд жил бүр орчноо цэвэрлэдгээс гадна аялагчдын Хүслийн овоонд өргөсөн мөнгийг түүж тусламж хэрэгтэй хүмүүст өгч, орон нутагтаа хийж буй ажилд нэмэрлэдэг аж. Мөн гар урлалын худалдаа эрхлэгчид UNESCO-гийн шим мандлын нөөц газрын таних тэмдэг бүхий самбарыг тохижуулах ажилд 2 сая төгрөг хандивлахаар болсон байна. Түүнчлэн “Ашхай”, “Хөвсгөл эко тур”, “Хөвсгөл далай”, “Дөл тур”, “Далай ван” жуулчны баазын 18 ажилтан хамтран Хүзүүвчийн шил дэх хог хаягдлыг цэвэрлэжээ. Харин байгаль хамгаалагч Б.Баярчимэг өөрийн хариуцсан Загасан тохойн отоглох цэг, Чулуут зэрэг газрын ой, усан сан бүхий газрын хог хаягдлыг нутгийн таван өрхтэй хамжин бүрэн цэвэрлэж дуусгав. Хөвсгөл улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд аялагчдын ихээр зорчин өнгөрдөг Зурвасын хогийг арилгаж, жорлонг цэвэрлэжээ. Мөн нуурт живсэн автомашин, ёмкостийг татан гаргах ажлын хүрээнд наймдугаар сарын 20-ны өдөр ОБЕГ-ын алба хаагчид тус нуурт 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17.8 тонн жинтэй Зил-130 автомашиныг нуураас гаргасан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.