images

Б.Баярбаатар: 32 чулуутай царгил хөгжмөөр дэлхийн сонгодгуудыг тоглож болно

Б.Бадамзул

Соёл эрдэнэ

2023-08-23


“Нүүдэлчин 2023” соёлын наадамд үзүүлсэн урлагийн тоглолт, танилцуулсан өв соёлоороо Баянхонгор аймгийн өвлөн уламжлагчид тэргүүлсэн билээ. Тус аймгаас ирж чулуун царгил гэдэг өвөрмөц хөгжмийг танилцуулсан есдүгээр ангийн сурагч, 14 настай Батбаатарын Баярбаатартай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр “Нүүдэлчин” наадамд гурав дахь удаагаа ирж уг хөгжмийг танилцуулж буй нь энэ юм.

- Чулуун царгил гэдэг нь ямар учиртай хөгжим бэ?

- Энэ хөгжим бол Баянхонгор аймгийн брэнд. Манай аймаг 2019 онд “Чулуун царгил хөгжим тоглох урлаг” хэмээн энэ хөгжмийг үндэсний соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм. Чулуун царгил хөгжим нь байгалиасаа өөрийн хөг, дуутай. Энэ хөгжмийг хийсэн чулуу нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чандмань ууланд байдаг. Дуут чулуу байдаг газарт очоод нэг л чулууг нь цохивол бусад чулуу нь дуугарч хариу өгдөг өвөрмөц тогтоцтой. Уулнаас чулуугаа авчраад шууд тоглож болно. Хэрэв хөггүй болчихвол эргэн тойрноос нь эмтэлж хөглөдөг. Одоо би есөн чулуугаар ая тоглож байна. Чулуун царгилын найман чулуугаар хэдхэн ая тоглож болох бол 32-оос дээш чулуугаар дэлхийн сонгодог хөгжмүүдийн алийг нь ч тоглож болдог.

- Та хэзээ энэ хөгжмийг тоглож сурсан бэ?

- Нэгдүгээр ангид байхаасаа тоглосон. Манай аймагт чулуун хөгжмийн “Уулсын цуурай” хамтлаг бий. Тэр хамтлаг байгуулагдсанаасаа хойш олон тэмцээнд орсон. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байлаа. Тэр жилийн зун Хятадын Тьянжин хотод болсон дэлхийн фестивальд оролцож Гран при болон “Өвөрмөц хөгжим” шагнал хүртсэн. Манай хамтлаг 2018 онд 100 хүүхэдтэй байгуулагдаж байсан ч одоо есүүлээ байгаа. Манай багшийг И.Төмөрсайхан гэдэг. Бид хамтлагаараа аймгийн төв талбайд тоглолт хийсэн.

- Энэ хөгжмийг хөглөх арга нь сонирхолтой юм?

- Энэ чулуунууд байгалаасаа ямар ч ноттой байж болно. Эргэн тойрноос нь эмтэлж аваад сонсголоороо хөглөчихнө. Дээшээ дуугаргахыг хүсвэл өргөөшөө хоёр хажуугаас нь, доошоо дуугаргахыг хүсвэл дээд доод захаас нь эмтэлдэг. Гэхдээ би сайн хөглөж чаддаггүй. Багш хаанаас нь хэр зэрэг эмтэлж хөглөхийг сайн мэддэг. Энэ хөгжмийг сонсголоороо сурахад амархан бөгөөд ёочин хөгжимтэй маш адилхан.

- Ямар түүхтэй хөгжим бэ?

- Дуут чулууг Ламын Гэгээний хүрээнд дожин нэртэйгээр хэрэглэж байсан гэдэг. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн хүрээ нь найман дацан, 40 гаруй дугантай, 1000 гаруй ламтай том хүрээ хийд байжээ. Тэгээд аль нэг дацангийнх нь хурал болоход дуут чулуу дуугаргаж лам нараа дууддаг байсан түүхтэй. Тэгэхдээ Нүрэвлин эсвэл Мамба дацангийн дуу өөр өөр өнгөтэй байсан гэдэг. Дуут чулууных нь өнгөөр тэр дацангийн хурал ном одоо эхлэх нь, эсвэл цайлах нь гэдгийг мэддэг буюу үүгээр дохио өгч авалцдаг байжээ. Харин 1980 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын багш Чойдог хад цохьж үзээд дуут чулуу олж хөгжим тоглож эхэлснийг Мягмарсүрэн багш цааш авч уламжлан хөгжүүлж буй. Энэ хөгжмийг 2010-аад оны үед 1200 орчим хүүхэд тоглож байсан нь хамгийн олон хүн тоглосонд тооцогддог.

- Хөгжмийн цохиурыг юугаар хийсэн бэ?

- Одоо бол хатахаараа чулуу болдог абро цавуу ашиглаад бөөрөнхий, мөлгөр цохиур хийж ишийг нь лентээр ороож чимэглэсэн байна. Энэ аргыг бид “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байхдаа олж мэдсэн. Өмнө нь төмөр савханд шагай цоолж хийдэг байсан. Шагай овгор товгор болохоор чулуун царгил хөгжим тоглоход эвгүй.

- Та энэ хөгжим дээр ямар ямар ая тоглож чадах вэ?

- Найман чулуун дээр “Зандан шоо”, “Жалам хар”, есөн чулуун дээр “Хонгор нутгийн жороо”, “Анчид” чонын дуудлагатай аяыг тоглож чадна. Чулуун царгилын есөн чулуун дээр монгол ая тоглоод, 32-оос дээш болговол дэлхийн бүх сонгодог хөгжим, симфонийг тоглож болдог. Бага байхдаа хүүхдийн дуу гээд олон ая тоглож чаддаг байсан ч одоо мартжээ.

- Чулуунуудаа яаж байрлуулдаг вэ. Танай хамтлагт олон чулуун дээр тоглодог хүүхдүүд бий юү?

- Би энэ есөн чулуун дээрээ тоглодог. Олон чулуун дээр тоглодог хүүхдүүд бий. Олон чулуу учраас төөрөх, будилах магадлалтай, толгой их ажиллахыг шаарддаг. Би чулуунуудаа доод, дээд октавын ноотуудаар нь хоёр талд ялгаж тавьсан байна. Баруун талдаа доороосоо дээшээ, зүүн талдаа мөн тийм байдлаар өрсөн. Энэ хөгжмийг тоглож байгаа хүн өөрийнхөө сурсан дадсанаар, өөрт амраар чулуугаа байрлуулдаг. Хөгжмийн долоон ноот дээд, доод хөгөөрөө ялгараад 32 болно. Манай аймгийн хүүхдийн “Тэмүжин” театрын дугуйланд суралцдаг, манай хамтлагийн хүүхдүүд чулуугаа минийх шиг ийм маягаар өрдөг.

- Энэ хөгжмийг орон даяар таниулах, хөгжүүлэхийн тулд ямар ажил зохиож байна вэ?

- “Тэмүжин” театр маань олон дугуйлантай. Тэнд чулуун царгил хөгжмийн анги байдаг. Соёлын яамнаас “Авьяас” хөтөлбөр хэрэгжүүлэхэд аймгийнхаа бүх хөгжмийн багш болон хүүхдүүдэд заасан. Аймгийн бүх сумын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд мэддэг. Бид энэ хөгжмийг улс төдийгүй дэлхийд танилцуулчих юмсан гэсэн сэтгэлтэй явдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.