images

Хиймэл оюун ухаанаар хэвлэлийн нийтлэл бичихийг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Хиймэл оюун ухаан ашигласан контентууд олноор гарч байгаа энэ үед “Associated Press” зэрэг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээний ач холбогдолтой контент, зураг бүтээхэд хиймэл оюун ухааныг ашиглахыг хориглосон удирдамж боловсруулсан тухайгаа мэдэгдэв. Уг удирдамжийг нийтлэл бичих зарчим агуулсан “Associated Press” загвар номонд оруулахаар болсон байна. Тус агентлагаас гадна хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хиймэл оюун ухааныг ажилдаа хэрхэн ашиглах тухай зохицуулалт хийж байна. Жишээлбэл, “Wired” технологийн сэтгүүл бүхэлд нь хиймэл оюун ухаанаар бичсэн нийтлэлийг нийтлэхгүй байх зарчим баримтлахаа мэдэгдсэн байна. Мөн эдийн засгийн мэдээллийн “Insider” сэтгүүлийн ерөнхий редактор Николас Карлсон ажилчдадаа хандан "Таны нийтлэлийг бүхэлд нь та өөрөө бичсэн байх ёстой. Үнэн зөв, шударга, эх сурвалжтай эсэхийг, өгүүлбэр бүрийг та өөрөө л хариуцна" гэсэн агуулга бүхий нээлттэй албан захидал илгээжээ. АНУ-ын сэтгүүлзүйн судалгааны байгууллага болох “Pointer Institute”-ийн зүгээс “Associated Press” агентлаг ийм удирдамж гаргасан нь цаг үеэ олсон зүйл гэж үнэлээд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хиймэл оюун ухааныг ашиглах стандартыг нэвтрүүлэхийг уриалав. Харин “Wired” болон “Insider”-ийн сурвалжлагчид гарчиг, ярилцлагын асуултуудыг зохиох, уншихад хялбар болгохын тулд нийтлэлийг засварлахад хиймэл оюун ухааныг ашиглаж болохыг онцолсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.