images

Таксины жолооч амиа егүүтгэх гэж байсан хүнийг аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-15


   Өмнөд Солонгосын Канвондо аймгийн Чүнчон хотод 20 дахь жилдээ таксины жолооч хийж буй 64 настай Пак Ин Гён энэ сарын 8-ны шөнө 1:00 цагийн үед ердийн журмаар ажлаа хийж явтал нэгэн зорчигч суужээ. Зорчигч Соянган голын хөшөөт цогцолбор луу очихоо хэлсэн бөгөөд өөр ямар нэгэн яриа хөөрөө өрнүүлэлсэнгүй. Зорчигчийн царай нь гунигтай, ердийн биш санагдсан тул таксины жолооч Пак яриа өдөн өдрийн цагаар зөвхөн жуулчид очдог газар луу үүр шөнөөр ямар хэргээр явааг асуухад зорчигч "Салхинд гарах гээд" гэж товчхон хариулаад зорьсон газраа очин таксинаас яаран буусан байна. Тэрбээр буунгуут бүдэрч унаад, хүчлэн байж босон шат түшин зогсжээ. Таксины жолоочид тухайн зорчигч ердийн биш санагдсан тул арваад метр газар холдон машинаа зогсоож орхиод түүнийг хэсэг ажиглажээ. Тухайн зорчигчийн багаа байдлаас нь харахад амиа егүүтгэх гэж байгаа мэт санагдсан тул даруй 112 дугаарт утасдаж мэдэгдсэн байна. Удалгүй цагдаагийн байгууллагын хүсэлтээр тухайн газарт хамгийн түрүүнд очсон гал сөнөөгчид өндөр дээр гарч зогссон нөгөө зорчигчид хандан яриа хөөрөө өрнүүлж удтал ятгасны эцэст тэрбээр хэсэг уйлж байснаа өндрөөс бууж иржээ. Таксины жолооч Пак өмнө нь мөн ийм явдалтай учирч хүний амь аварч байсан тухайгаа ярьсан байна. Энэ тухайгаа тэрбээр “Нэгэн удаа нэг зорчигч суунгуут Соянгийн далан руу явах хүссэн бөгөөд мөн л сэтгэл санаагаар ихэд унасан байсан тул яриа өрнүүлж үзэхэд амиа егүүтгэх гэж яваа нь тодорхой болсон. Би машинаа зогсоон түүнтэй ярилцаж, үгийг нь сонсоод хоёул бууж хамт хундага архи ууж, хүнд хэцүү байсан ч амьдралд итгэх ёстой тухай хэсэг ятгахад нөгөө хүн тайвширч бид хамтдаа буцсан” гэжээ. Тэрбээр цааш нь энэ мэтээр хүний амь аврах нь сайхан ч дахин ийм буруу сонголт хийх вий гэж үргэлж санаа зовдог тухайгаа ярьжээ. Улмаар “Хүн бүрт амьдралын төвөгтэй асуудал бий. Гэсэн ч амьдрах сайхан шүү дээ” хэмээн “Yonhap news” агентлагт ярьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.