images

Үл таних америк дуучин залуу өвөрмөц үгтэй дуугаараа олны талархлыг хүлээж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-15


   "Таны мөнгө эцэс төгсгөлгүй татварт хураагдаж, тарган хүмүүс нийгмийн халамж хүртэж, залуусыг зүгээр л өшиглөж орхидог болохоор, залуу үе аминаасаа уйдаж байна” гэсэн үгтэй, хэт их татвар, учир утгагүй халамжийн бодлогыг эрс шүүмжилсэн нэгэн үл таних Америк дуучны дуу хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Гадуурхагдсан ажилчин ангийн баяр баясгалан, уй гашууг багтаасан энэ дууг АНУ-ын консервативууд алга ташиж уухайлж байгаа аж. Энэ сарын 10-ны өдөр YouTube дээр нийтлэгдэж 5 хоногийн дотор 8.4 сая хандалт авсан дууны нэр нь “Rich Men North of Richmond” юм. Ричмонд хот нь Вашингтон хотоос 160 км зайд оршдог бөгөөд дууны утгыг "Америкийн нөлөө бүхий улс төрчдийг шүүмжлэн хэлсэн", "Ричмондын хойд хэсгийн баячуудад хандсан" гэх зэргээр янз бүрээр тайлбарлаж байна. Энэ дууг дуулсан цагаан арьст дуучин Оливер Энтони нь үйлдвэрийн ажилчин байсан бөгөөд өдгөө Виржиниа мужийн Фармвилл хотод амьдардаг ажээ. Дууны клипэнд алс буйд нутгийн ой модон дунд хуучирсан ногоон футболктой, сахал үсэндээ баригдсан дуучин "Би өдөржин ажиллаж, сэтгэл зүрхээ зориулж байгаа ч авч байгаа цалин минь хаана ч хүрэлцэхгүй байна" гэсэн өгүүлэмж гардаг ажээ. Улмаар уг дуунд хувиа хичээсэн баячууд, улстөрчид бүх зүйлийг хянах хүсэлтэй байгаа талаар өгүүлсэн байна. "Ямар нэгэн чимэг хачиргүйгээр ганцхан гитартай дуулсан энэ дуу олон хүний талархлыг хүлээж байна" хэмээн “Fox News” мэдээлсэн байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессын гишүүн Маржори Тэйлор Грин цахим хуудсандаа энэ дууг "Шаргуу хөдөлмөрөөрөө энэ улс орныг тэтгэж буй америкчуудын мартагдсан сүлд дуу" хэмээн магтжээ. Дууны видео клипийг байршуулсан YouTube сайтад 36 мянга гаруй сэтгэгдэл нийтлэгдсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.