images

Аварга загасанд хазуулж өрөөсөн хөлөө алдсан залуу Гиннесийн дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-15


   Долоон жилийн өмнө Египетийн Улаан тэнгист аварга загасанд хазуулж нэг хөлөө алдсан Омар Абдель Кадер хэмээх египет залуу турникэнд нэг цагийн дотор 161 удаа татаж суниаж Гиннесийн дээд амжилт тогтоосон байна. О.Кадер 2016 оны зургадугаар сард Египетийн Улаан тэнгист аварга загасны дайралтанд өртөж өрөөсөн хөлөө алджээ. Найзуудтайгаа завиар зугаалж, усанд сэлж яваад ийнхүү осолдсон байна. Тухайн үед хоёрын хоёр аварга загас О.Кадер луу дайрсан бөгөөд түүнийг нөхөд нь арай чүү салгаж аваад эмнэлэгт хүргэсэн боловч бэртэл нь маш хүнд байсан тул зүүн хөлийг нь өвдгөөр нь тайрчээ. О.Кадер тэр үеийг "Хэчнээн эм ууж, өвчин намдаах тариа хийсэн ч тэвчихийн аргагүй их өвдөж байсан" гэж дурссан байна. Хөлөө тайруулсны дараа тэрбээр айдсаа даван туулахын тулд осолд орсон нөгөө газраа байнга очиж хүч тамирын дасгал хийж биеэ чийрэгжүүлдэг байлаа. Мөн тэрбээр эмнэлэгт байхдаа өөртэй нь адил эд эрхтнээ тайруулсан Омар Хегази гэх залуутай танилцсан бөгөөд түүнээс сэтгэл санааны маш том дэм, урам зориг авчээ. О.Хегази мөн л ослын улмаас хөлөө тайруулсан ч сэтгэл санаагаар өөдрөг байж дасгал сургууль тасралтгүй хийсээр усанд сэлэлтийн төрөлд Гиннесийн шинэ дээд амжилт тогтоосон байжээ. Тэр хоёр ихэд дотно нөхөрлөн бие биедээ тус дэм болж, хэдэн жилийн дараа О.Кадер ч бас найзтайгаа адилхан Гиннесийн дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр өөрийгөө "Маш азтай хүн" гэж тодорхойлжээ. Учир нь аварга загасны дайралтаас амьд гарснаа аз заяа хэмээн үзэж "Түүнтэй тулалдаж байхдаа би өнгөрлөө л гэж бодож байсан. Аварга загасны амнаас олон хүн амьд гардаггүй ч харин би бол амьд гарсан. Тийм болохоор би азтай хүн” гэжээ. Улмаар “Аварга загаснууд надад өөрийгөө олж нээх боломж өгсөн. Бусдын нүдийг битгий тоо. Харин өөрийнхөө зам мөрийг өөрөө гарга" хэмээн хүмүүст зөвлөсөн байна. Гиннесийн дээд амжилтын номонд "Жинхэнэ хүч чадал нь зөвхөн бие бялдрын чадвараас гадна ​​оюун санааны хүч чадал юм гэдгийг О.Кадер нотолсон. Аварга загасны дайралтаас амьд гарсан хүнээс дэлхийн дээд амжилтын эзэн болтлоо зүтгэсэн зам нь түүний ​​няцашгүй хүсэл зоригийн баталгаа юм" хэмээн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.