images

Цагдаагаас зугатсан эр өндөр хүчдэлийн шонгийн орой дээр 24 цаг суужээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


   Бразилын зүүн өмнөд хэсэгт орших Минас-Жерайс мужийн Итабира хотод Фабио Мартинс хэмээх 38 настай эр цагдаа нараас зугатан 10 метрийн өндөртэй цахилгааны шонгийн оройд авирч гарсан байна. Тэрбээр цагдаа нарын шаардлагыг үл биелүүлэн бууж ирэхээс татгалзаж тэндээ суусаар 24 цаг болжээ. Тухайн үеийн байдлыг харуулсан дүрс бичлэгээс харахад Мартинс гартаа ганц саваа барин утасны шонгийн орой дээр бүтэн өдрийн турш байжээ. Шөнө цагдаа нар түүнийг буулгахаар ​​шат авчирч өгөхөд саваа модоороо шатыг цохиж түлхэн бууж ирэхээс татгалзсан байна. Ийн суусаар бүтэн өдөр өнгөрсөн хойно аргагүйдэн өөрөө бууж ирсэн байна. Өндрөөс бууж ирэнгүүт ихэд өлссөн бололтой агшаасан будаа болон хийжүүлсэн ундаа уусан бөгөөд цагдаа нар түүнийг баривчлан эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр зэвсэгт дээрэм болон хулгайн хэргээр шоронд найман жил хоригдоод саяхан хугацаанаас өмнө суллагдсан аж. Энэ удаад Мартинс тэнсэн харгалзах ялын журмыг зөрчсөн тул цагдаа нар түүнийг саатуулахаар очсон нь тэр байлаа. Тэрбээр шоронд буцаж орохоос маш их айж байгаа тухайгаа өмгөөлөгчдөө хэлсэн байна. Гэхдээ түүнийг тэнсэн харгалзах ялын журам зөрчсөн эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд одоогоор саатуулагдан хоригдоод байгаа аж. Өндөр хүчдэлийн шонгийн орой дээр түүнийг цахилгаанд цохиулахаас сэргийлэн орон нутгийн эрчим хүчний газар цахилгааныг хэсэгчлэн тасалсан учир тус бүс нутгийн 380 орчим байшин 24 цаг цахилгаангүй байжээ. Удахгүй орон нутгийн шүүх түүнийг хууль журам зөрчсөн эсэхийг шалгаж шийдвэр гаргах гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.