images

Энэтхэг, Пакистаны хуваагдлаар салж хагацсан ах дүү хоёр дал гаруй жилийн дараа анх удаа уулзав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


   Пакистаны иргэн, 70 гаруй насны эмэгтэй 1947 онд Пакистан улс Британийн колоничлолоос гарч тусгаар тогтнолоо олж авах үед Энэтхэгт ганцаараа үлдсэн төрсөн ахтайгаа анх удаа уулзсан байна. "The Times of India" сонины мэдээлснээр, Пакистаны Пенжаб мужийн Шейхупура хотод амьдардаг 74 настай Сакина Би Энэтхэгийн Пенжаб мужийн Лудхиана хотод амьдардаг төрсөн ах Гурмайл Сингх Груалтайгаа анх удаа уулзжээ. Пенжаб нь 1947 онд Энэтхэг, Пакистан улс тусгаарлахад дундуураа хуваагдсан газар юм. Ийнхүү хуваагдах явцад олон гэр бүл, ах дүү нар салж зарим нь сураггүй алга болсон байна. Ах дүү хоёр Энэтхэг, Пакистаны хилийн визгүй бүс болох Картапурт уулзсан бөгөөд газар нутгийн маргааны улмаас гурван удаа дайтаж байсан хоёр орон тус бүсийг хагацаж салсан ард иргэдийн уулзах газар болгосон байна. Сакина нэг ч удаа зүс үзээгүй ахынхаа тухай ээжээсээ сонсож байсан бөгөөд ээж нь 1947 онд Энэтхэгийн Лудхиана тосгоноос хүүтэйгээ хулгайлагдаж, аав нь гэр бүлийн бусад гишүүдийнхээ хамт Пакистан руу очиж суурьшсан байна. Үүний дараа Сакинагийн аав эхнэрээ олохоор Пакистаны цагдаагийн тусламжтайгаар Энэтхэгт ирсэн боловч эхнэр нь аль хэдийн сикх үндэстний эрд богтлогдсон байжээ. Улмаар цагдаа нарын тусламжаар эхнэрээ суллаж аван Пакистан руу явахдаа гадаа тоглож байсан хүү Гурмайлыг авч явж чадаагүй ажээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1949 онд Сакина мэндэлжээ. Энэтхэгт хоцорсон Гурмайл хүү 1961 онд эргэн тойрныхоо хүмүүсийн тусламжтайгаар ээждээ захидал, зураг илгээж байсан аж. Энэ бүхнийг аав ээжээсээ сонссон Сакина ахынхаа захидал, гэрэл зургийг хадгалахын зэрэгцээ түүнийг олж уулзахаар олон жил эрж хайжээ. Тэрбээр хоёр улс тусгаарлах үеэр сураггүй алга болж салсан гэр бүл, ах дүү нарыг хайж олох төсөл дээр ажилладаг Пакистаны YouTuber Насир Диллонтой уулзсанаар түүний хүчин чармайлт үр дүнд хүрсэн байна. Диллон өнгөрсөн жил YouTube дээр Сакинагийн түүхийг харуулсан бичлэгийг нийтэлсэн бөгөөд ахынх нь амьдардаг тосгоны дарга тэрхүү бичлэгийг олж харжээ. Ийнхүү амьдралдаа бие биенээ харж байгаагүй ах дүү нар анх удаа уулзсан байна. Энэхүү баярт уулзалтаар тэд бие биедээ тусгайлан бэлдсэн бэлэг солилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.