images

Хүүхэд асрах чөлөөтэй байсан гал сөнөөгч түймэр унтрааж хүний амь аврав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


   Өчигдөр Өмнөд Солонгос улсын Сувон хотын Квонсон дүүрэгт уулын хонгил доторх автомашины зам дээр таван машин мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас гурав дахь машины хөдөлгүүрээс оч үсэрч гал авалцсан байна. Азаар дөрөв дэхь машинд гал сөнөөгч мэргэжилтэй хүн сууж явжээ. Тэрбээр даруй арга хэмжээ авч машиныхаа галын хорыг гаргаж ажиллуулах гэсэн боловч ослын улмаас галын хор ажиллахгүй болсон байв. Улмаар хонгилын ханан дахь галын хорыг авч 10 минутын дотор галыг унтрааж чадсан бөгөөд машинууд өнгөцхөн шатсанаас өөр ноцтой хохирол гараагүй байна. Кёнгиду аймгийн Сонтан дүүргийн гал унтраах 119 дүгээр ангийн ажилтан, гал сөнөөгч Ким Гван Үн нь тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд хувийн ажлаар зорчиж явсан нь тэр байжээ. Энэ тухайд тэрбээр "Би хийх ёстой зүйлээ л хийсэн" гээд "Миний оронд ямар ч гал сөнөөгч байсан ингэх л байсан байх" гэжээ. Гал сөнөөгч Ким 2017 онд сонгон шалгаруулалтаар уг албанд орсон бөгөөд  2019 онд ажлын амжилтаараа Кёнгиду мужийн захирагчийн өргөмжлөл хүртэж байсан шилдэг ажилтан гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард эхнэр нь нярайлсан тул тэрбээр ажлаасаа хүүхэд асрах чөлөө авсан байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.