images

Америк, Хятадын хооронд харилцааны шинэ суваг байгуулж хоёр орны эмзэг асуудлыг хэлэлцэхээр болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Америк, Хятад хоёр харилцаа холбооны шинэ суваг байгуулж, хоёр орны харилцааны эмзэг асуудлыг хэлэлцэхээр болсон тухай "Financial Times" сонин мэдээлэв. Хоёр улсын хооронд санамсаргүй зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцүүлэг тодорхой хэрэгжих шатандаа орсон тухай тус сонин албаны эх сурвалжаас эш татан дурдаад "АНУ, Хятад хоёр Ази-Номхон далайн бүс нутаг болон тэнгисийн асуудлаарх хоёр ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгдэв. “Тэнгисийн асуудал” гэдэгт Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, тэр дундаа Тайваний хоолойтой холбоотой асуудлууд багтах ажээ. Өнгөрсөн сарын 31-нд Хятадын Гадаад харилцааны яамны Хойд Америк, Далайн асуудал эрхэлсэн газрын ерөнхий захирал Ян Тао АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даниел Креттенбринкийг хүлээн авч уулзсан нь байна. Азийн бүс нутаг дахь стратегийн зөвлөх компани болох “Asia Group”-ийн ерөнхий зохицуулагч Курт Тонг “Одоо АНУ, БНХАУ-ын хооронд түр зуурын хэлэлцээрээр хязгаарлагдах биш, үндсэн асуудлаар системтэй харилцах форум байгуулах боломжтой боллоо” гэж мэдэгдэв. Мөн Хятадын Дипломатын академийн профессор Ли Хайдун хэлэхдээ “Хоёр орны харилцаа маш хүнд үеийг туулж байгаа ч харилцааны менежмэнт нь аажмаар төлөвшиж, урьдчилан таамаглах боломжтой үе шатанд орсон" гэжээ. Харилцаа холбооны шинэ сувгуудаар хоёр орны эдийн засаг, худалдаа, цаг уурын өөрчлөлтийн хариу арга хэмжээний талаар, мөн батлан ​​хамгаалах, аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, технологийн зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.