images

Украины энхтайвны асуудлаарх олон улсын бага хурал болж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Украины дайныг зогсоох олон улсын бага хурал Саудын Арабын Жидда хотноо болж байна. Тус улсын төрийн мэдлийн SPA агентлагийн мэдээлснээр оролцогч 40 шахам орны төлөөлөгчид яриа хэлэлцээрт орж "Энэ уулзалт Украинд байнгын энх тайван тогтоох шийдэлд хүргэнэ гэж найдаж байна" гэдгээ илэрхийлсэн байна. Уулзалтын өмнө Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак "Олон янзын үзэл бодолтой олон орон оролцох тул яриа хэлэлцээр амаргүй байх болно" гэж мэдэгджээ. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цахим хуудсаараа дамжуулан "Энэ уулзалтаар дэлхийн олон орны хүнсний аюулгүй байдлын асуудлыг мөн авч үзэх болно" гэсэн байна. Улмаар "Орос улс түрэмгийллээ хоёрдмол утгагүйгээр нэн даруй зогсоох нь дэлхийн аюулгүй байдлыг хангах, олон улсын харилцааг тогтворжуулахад тустай" гэжээ. Уулзалтад АНУ, Европын холбоо, Бразил, Энэтхэг, Индонез, Египет, Мексик, Чили зэрэг 40 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Уг хурлаар Украинаас Оросын цэргийг гаргах, шударга ёсыг сэргээх, цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг 10 зүйлээс бүрдсэн “Энх тайвны томъёолол” батлахыг зорьж байгаа ажээ. Уг уулзалтад ОХУ-ыг уриагүй бөгөөд харин Хятад улсаас Засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуй ирсэн байна. Хятадын Гадаад харилцааны яам "Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэж мэдэгдэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.