images

Жон Кэннедийн охин аавынхаа тулалдаж явсан дурсгалт газарт очив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кэннедийн охин, өдгөө Австралид суугаа АНУ-ын Элчин сайд Кэролайн Кэннеди хүү Жак Шлоссбергийн хамт Номхон далайн Соломоны арлуудын нэгэн жижиг тосгонд айлчилжээ. Тэднийг тосгоны оршин суугчид баяр хөөр дүүрэн угтан авсан байна. Тэдний энэхүү айлчлал онцгой утга учиртай аж. Одоогоос 80 жилийн өмнө буюу 1943 оны наймдугаар сарын нэгний өдөр, Дэлхийн II дайны ид оргил үеэр Соломоны арлуудад тусгай ажиллагаа явуулж байсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний PT-109 хөлөг онгоц Японы цэргийн довтолгоонд өртөн живжээ. 24 метрийн урттай энэхүү бага оврын хөлгийг удирдаж явсан хүн бол хожмын АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч, дэслэгч Жон Кэннеди байжээ. Энэхүү сүйрлээр багийн хоёр цэрэг нас барж, үлдсэн 11 гишүүн ойролцоох арал руу сэлж хүрсэн байна. Тэднийг тус арлын уугуул оршин суугч Биуку Каса, Эрони Кумани нар олж амийг нь аварчээ. Хөлөг онгоц сөнөсөн тухай мэдээг сонссон Австралийн армийн командлагч тэднийг авруулахаар энэхүү хоёр иргэнийг илгээсэн бөгөөд тэд Японы армийн галын шугаман дундуур 56 километр замыг усан завиар туулж ирэн жижиг арлуудаар хайж явсаар тэднийг олж аварсан байна. Энэхүү түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Жон Кэннедийн охин, ач хүү нар энэхүү түүхэн үйл явдлыг дурсаж, аавынх нь амийг аварсан ачтануудын үр хойчистой уулзахаар ирсэн нь энэ ажээ. Хатагтай К.Кэннеди цахим хуудсан дээрээ "Аавын минь амийг аварсан Биуку Каса, Эрони Кумани нарт манай гэр бүлийнхэн өртэй" гээд “Тэдний үр хойчистой энэ энэ газарт уулзаж буй минь нэр төрийн хэрэг" гэсэн байна. Ээж хүү хоёр усны хувцас өмсөн, 80 жилийн өмнө аавынхаа амь өрсөн сэлж явсан тэр замаар сэлж үзжээ. Энэхүү жижиг арлыг хожим нь Кэннеди арал гэх болсон байна. Тэнгисийн цэргээс халагдсаны дараа Ж.Кэннеди улс төрд орж 1961 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо Б.Каса, Э.Кумани нарыг урьж байжээ. Гэвч улс төр, цаг үеийн олон шалтгаанаар тэд ёслолд ирж оролцож чадаагүй байна. Ерөнхийлөгч болсон хойноо Ж.Кэннеди "Соломоны арлуудын хайртай хүмүүс"-тэйгээ дахиж уулзаж чадаагүйг ч тэдгээр ачтануудаа мартахгүйн тулд тэднээс дурсгал болгож авсан наргил модыг ажлын өрөөнийхөө ширээн дээр байрлуулдаг байсан гэнэ. Ж.Кэннедийн охин Барак Обамагийн үед буюу 2013-2017 онд Японд суух Элчин сайдаар ажиллаж, дараа нь Жо Байден ерөнхийлөгчийн үед 2021 оны арванхоёрдугаар сараас өнөөг хүртэл Австралид суух Элчин сайдаар ажиллаж байна.

Тэнгисийн цэргийн хүчний PT-109 хөлгийн ахмад Жон Кеннеди

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.