images

Дуучин Тэйлор Свифт аялан тоглолтынхоо арын албаны ажилчдыг 55 сая доллароор шагнав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-04


   Таван жилийн дараа томоохон аялан тоглолт хийж буй Америкийн поп од Тэйлор Свифт тоглолтынхоо арын албанд ажилласан хүмүүсийг их хэмжээний мөнгөөр урамшууллаа. Тухайлбал, тайзны тоног төхөөрөмж тээвэрлэсэн ачааны машины жолооч нарт тус бүрт нь 100 мянган доллар өгчээ. CNN телевизийн мэдээлснээр Т.Свифт АНУ дахь аялан тоглолтын төгсгөл болох Лос-Анжелесийн тоглолтын өмнө 50 жолоочид тус бүр ийм хэмжээний үнийн дүн бүхий долларын чек гардуулсан байна. Тоног төхөөрөмж тээвэрлэж буй “Showmotion” компанийн гүйцэтгэх захирал Майкл Шеркенбах "Би Т.Свифттэй ярилцаж, жолооч нар урамшуулал авах нь зүйтэй гэдгийг зөвшөөрсөн" гэжээ. Жолооч нарт гардуулсан дугтуйнд дуучны өөрийн гараар бичсэн талархлын үгтэй ил захидал болон бэлэн мөнгө байсан бөгөөд Т.Свифтийн нэрийн эхний үсгээр тамгалсан лацаар битүүмжилсэн байв. Жолооч нар нэрэлхсэндээ мөнгөтэй дугтуйг шууд задалж үзээгүй байна. Улмаар эхэлж задалсан жолооч 1000 доллар байгаа байх гэж хараад түүнээс хамаагүй илүү байхыг хараад алмайрчээ. Дараагийн жолооч 10 мянган доллар байгаа байх гэж таамаглаад, түүнээс илүү байсанд мэл гайхсанаа хэлсэн байна. Харин гурав дахь жолооч мөнгийг тоолж үзээд “Үнэн үү?” хэмээн дуу алдсан гэнэ. Компанийн захирал М.Шеркенбах “100 мянган доллар бол урт удаан аялан тоглолтын туршид шөнөжин машин жолоодож, гэр бүлээсээ хол хэдэн сараар явдаг жолооч нарын амьдралыг өөрчлөх хэмжээний мөнгө. Үүгээр шинэ байшин худалдан авч эсвэл хүүхдийнхээ коллежийн сургалтын төлбөрийг төлж болно" гэжээ. Жолооч нар Т.Свифтийн тоглолт эхэлснээс хойш 24 долоо хоногийн турш гэртээ харилгүй арын албанд зүтгэж байгаа аж. Т.Свифт мөн хоол хүнс, дүрс бичлэг, дуу чимээ, гэрэлтүүлэг хариуцсан ажилтнууд, бүжигчид зэрэг олон арван хүнд урамшуулал олгосон нь нийтдээ 55 сая доллар болсон байна. Түүний энэ удаагийн аялан тоглолтын орлого хэдийнэ 1.6 тэрбум долларыг даваад буйг "Forbes" сэтгүүл мэдээлсэн бөгөөд аялан тоглолт дуусахад нийт 1.9 тэрбум долларын орлого олсон байна гэж таамаглаад байгаа юм. 2018 оноос хойш томоохон тайзан дээр гараагүй дуучны "Eras Tour" нэртэй тоглолт өнгөрсөн сарын 22, 23-нд Вашингтоны Сиэтл хотод болох үеэр дуу хөгжим болон хөгжөөн дэмжигчдийн уухайн дуунаас үүдэн концертын талбайн ойролцоох орчинд 2.3 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.