images

Монголын хамгийн анхны эгч дүү хурандаа

Н.Ариунсайхан

Монголын хамгийн

2023-07-13


   Монголын хамгийн анхны эгч дүү хурандаа бол К.Женисгүл, К.Анаргүл нар юм. Тэд хууль сахиулах байгууллагад олон жил ажилласан бөгөөд К.Анаргүл нь Анагаахын шинжлэх ухааны доктор бол К.Женисгүл Хууль зүйн ухааны доктор юм. Бид баяр наадмын эдгээр өдрүүдэд Цагдаагийн байгууллагаас төрөн гарсан анхны эмэгтэй хууль зүйн ухааны доктор, анхны эмэгтэй цагдаагийн газрын дарга, хурандаа К.Женисгүлтэй ярилцлаа.

- Сайхан наадаж байна уу. Баяр сайхан уу?

- Сайхан наадаж байна уу. Үндэсний их баяр наадам сайхан байна. Миний охин долдугаар сарын 12-нд төрсөн юм. Ийм өдөр чинь баяр цэнгэлтэй байлгүй яах вэ. Би цагдаагийн албанд олон жил зүтгэсэн хүн. Жил болгон Төв цэнгэлдэхэд наадам дуустал хамгаалалтанд гардаг байлаа. Тэр үед миний хань, аав, охин гурав намайг эргэж ирэх далимаараа наадмаа үзчихээд л буцдаг, би ажлаа хийгээд үүргээ гүйцэтгээд үлддэг байв. Олон жил гадаа наадамласан хүн чинь тэтгэвэрт гарснаасаа хойш гэртээ зурагтаараа наадам үзэх дуртай болсон. Наадмын талбайгаас ханийнхаа авчирсан хуушуурыг идээд л гэртээ баярлачихна. Ямар сайхан юм бэ, наранд халахгүй ядрахгүй гээд л сууж байна. Надад жил бүрийн наадмын нээлт хаалт хамгийн гоё санагддаг. Монгол үндэснийхээ хөгжим аялгуунд найман шарга морь орж ирдэг хэсгийг хараад л огшоод хоолой зангирчихна. Маш гоё мөч, тэрхэн хэсгийг л хамгаалалтынхаа завсраар яаж ийж байгаад үзчихдэг. Харин манай аав, нөхөр хоёр бөхийг шимтэн үздэг. Өдөр шөнөгүй, нар бороотойд ч хамаагүй. Нэг наадмын холбоотой явдал ярихад, би цэнгэлдэх тойроод мориор эргүүл хийгээд явж байсан юм. Тэгтэл манай нэг цагдаа “Та их сайхан харагдаж байна. Таны зургийг нэг дараатхая” гэлээ. Гэтэл морь минь тэр агшинд цоройгоод зураг дарж таарсан юм. Дараа нь зургаа харахад их дурсамжтай, сайхан байсан. Сүүлд сошиалаар нэлээд яваад хүмүүс надад хэлж байна лээ.

- Хуулийн хүн болохоор шийдэж байсан түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

- Санаандгүй байж байгаад л цагдаагийн байгууллагад ажилласан даа. Би нөхөртэйгээ Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байхдаа танилцсан юм. Түүнийг маань Энхтөр гэдэг. Орёл хотын их сургуульд холбооны инженер мэргэжлээр төгссөн. НАХЯ биднийг ажиллаж байх үед цагдаа, тагнуул гээд хоёр хэсэг болж салсан юм. Тэр үед эгч маань “Цагдаа мэргэжлээ дага” гэж зөвлөөд үгэнд нь орсон. Уул нь эгчтэйгээ адилхан эмч болохоор конкурс өгсөн ч тэнцээгүй юм. Дахиад бэлдээд шалгалт өгөөрэй гэхэд нь залхуураад орхичихсон. Цагдаагаар ажиллаад багагүй хугацаа өнгөрөөд байж байтал эгч маань дахиад “Дээд мэргэжилтэй бол” гээд загнав. Тэгээд л Цагдаагийн дээд сургуульд конкурс өгч тэнцсэн. Миний анхны ажлын гараа бол НАХЯ-нд холбооны хэлтэст шууданч байсан. Дараа нь цагдаа, дэслэгч болж цол нэмээд Цагдаагийн дээд сургуулиа төгссөн. Эчнээгээр дөрвөн жил сурахдаа өдөр нь ажлаа хийгээд, орой нь хичээлдээ явна. Тэр  жилүүдэд охин маань төрсөн. Тэгээд ажлаас амралт өгсөн ч сураад л байлаа. Дээд сургуулиа ч төгслөө, цагдаагийн газартаа хэрэг шалгадаг болж эхэлсэн. Цагдаагийн алба эмэгтэй хүнд чанга хэдий ч сайн ханьтай байсан болохоор надад хүнд санагддаггүй байлаа. Ганц охиныг маань аав нь өсгөлөө шүү дээ. Ар гэртээ санаа зовох зүйл байгаагүй учраас ажлаа сайн хийсэн. Миний хичээл зүтгэлийг удирдлагууд маань их үнэлдэг байв. Би ч зохих ёсны шалгуурыг хангаж явсаар цолоо тухай бүрд нь ахиулаад явдаг байлаа. Дараа нь би ОХУ-ын Санкт-Петербург хотын Дотоод явдлын яамны сургуульд мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалахаар болов. Ажлаа хийж байхдаа л эчнээгээр сурчихсан. Их өрсөлдөөнтэй сургууль, сургалтын төлбөр намайг эхний жилдээ чангалсан ч нөхөртэйгээ хамжаад өгсөн. Тэгээд шалгалтаа сайн өгч, нэг жилийн хичээлийнхээ кредитийг амжилттай дүүргэсэн тул дараа жилээс Цагдаагийн ерөнхий газраас дэмжиж байлаа. Дөрвөн жил хагас болоход өөрсдөө эхний жилийн төлбөрөө төлөөд, хоёр дахь жилээс нь улсаас төлж өгсөн дөө. Надад тухайн үедээ их л нэмэртэй байлаа. Хулгай дээрэм, танхай, гэр бүлийн хүчирхийлэл, хүнд, хөнгөн гэмт хэрэгтэй ажиллахад тасралтгүй суралцаж ур чадвараа сайжруулах л хэрэгтэй байдаг юм.

- Та багадаа ямар хүүхэд байсан бэ. Гэр бүлийнхээ талаар бидэнд танилцуулж болох уу?

- Аав маань Ховд аймгийн Булган сумынх. Казах, торгууд түмнийхээ дунд анхны Сурган хүмүүжүүлэх ухааны доктор гэдгээрээ танигдсан. Харин ээж минь Баян-Өлгий аймгийнх татар, узбек аав, ээжийн охин. Би хотод төрсөн, дөрвөн ах нэг эгчтэй айлын бага хүүхэд. Манайх Сансарт амьдардаг айл байлаа. Ах нартайгаа нийлээд байрны хүүхдүүдтэй тэвэг тоглоно. Гортиг толгойн дээрээ тавьж байгаад газар буулгаж шороон дээр ч эргүүлнэ. Сүүлдээ “Эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй” гээд л ээждээ загнуулдаг болсон. Заримдаа ахыг минь дээрэлхсэн хүүхдүүдтэй зодолдчихсон, яг л эрэгтэй хүүхэд шиг явж байдаг байв. Манай хүүхдийг зодчихлоо гээд гомдоллоод ирэхэд нь аав ч өмөөрөхгүй. Хүний хүүхдийг зодох, гар хүрэх, сахилгагүйтэхэд маш чанга анхааруулдаг байсан. Сүүлд дунд ангид ороод резин, бөмбөг, дээс, черта гээд хүрээгүй тоглоом үгүй дээ. Одоо бодоход надад энэ бүгд дасгал болсон юм шиг. Үеийн охидуудаас илүү чийрэг, хөдөлгөөнтэй байгаа юм шиг санагддаг. Унаж хөлөө бэртээх, тохойгоо халцлаад, арьсаа зулгарсан байсан ч тоодоггүй байж. Аав минь хоёр ахтай намайг орос сургуульд явуулж байсан. Цэргийн сургууль гэгддэг байсан орос 8 дугаар сургуульд сурсан. Бусад ах нар бүгд монгол сургуульд явцгаасан.  

- К.Анаргүл хурандаа та хоёр хэр насны зөрүүтэй вэ. Их төстэй харагддаг?

- Эмэгтэй хүний насыг бүү асуу гэдэг шүү дээ. “Та хоёр ихрүүд үү?” гэж асуух хүмүүстэй олон таарч байлаа. Гэхдээ манай эгч надаас хамаагүй ахмад. Биеэ их гоё авч явдаг хүн. Надаас насны зөрүү харагдахгүй байгаад нь их баярладаг. Залуудаа гоёж гоодоод, нүүрээ будаж шунхдаад байдаггүй, туранхай, үсээ сүлжсэн, царайлаг охин байсан. Анагаахын сургуульд сурч байхад нь олон залуус эргүүлдэг байлаа. Ер манай гэрийн хаалга амрахгүй шүү дээ. Гэрийн утас руу байнга эгчийг асуугаастай. Эгч олон талаараа мундаг. Арван жил, анагаахын сургуулиа онц төгссөн. Би хажууд нь яг эрэгтэй хүүхэд. (инээв) Одоо бол эгч бид хоёр халх хүнтэй сууцгаасан. Сайхан хань ижилтэй болсоон.

- Та хоёрыг Монголын анхны эгч дүү хурандаа нар гэлцдэг юм билээ?

- Тэгж хэлж болно л доо. Түүгээрээ манай гэрийнхэн, хамаатан садангууд бахархдаг юм. Би хурандаа цолоо авахад эгчтэйгээ хамт нэг зураг даруулсан байсан нь “Аархал” нэртэй хуудсаар цахимаар тарчихсан байсан. Өнөөдрийг хүртэл бичигдээд л яваа харагддаг. Сонирхуулахад би Монголд цагдаагийн байгууллагаас анхны эмэгтэй Хууль зүйн доктор, Цагдаагийн газрын анхны эмэгтэй дарга болж байсан. Надад анхны гэсэн тодотгол их байдагт талархдаг. Учир нь сайн сайхан яваагаа тэнгэрт байгаа ээж аавдаа харуулж яваа гэж боддог юм. Ер нь эцэг эхийгээ ямагт л баярлуулж байх хэрэгтэй. Хааяа аав ээж хоёр минь дэргэд байсан ч болоосой гэж боддог.

- Цагдаагийн албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах нь танд ямар санагддаг вэ?

- Албаныхан маань намайг эмэгтэй хүн гэж бараг мартдаг байсан байх. Зарим нь анзаарах ч сөхөөгүй ажиллана шүү дээ. Ямар сайндаа эрчүүд хоорондоо ярьж байснаа  “Өө нээрээ бидний дунд чинь бас эмэгтэй хүн байгаа билүү?” гэж инээлдэж байх жишээтэй.

Төв Цэнгэлдэх хүрээлэнд.

- Та морь унах хоббитой гэсэн?

- Би багаасаа моринд дуртай хүүхэд байсан. Морины хомоол үнэртэхээр л сайхан санагдана. Хөдөө явж байхад айлын адууны хашаанаас эмнэг ч байна уу, номхон ч байна уу цулбуурыг нь тайлж аваад л унаад давхичихна. Манай ээж заримдаа уйлаад загнадаг байсан. “Чи миний сэтгэлийг амраах хүүхэд үү, үгүй юу. Айлын танихгүй мэдэхгүй морь унаад үхэх нь дутаа юу” гэдэг байж билээ. Моринд дуртай гэдгийг гэрийнхэн маань ч сайн мэднэ, багадаа өөрийн гэсэн сайхан адуутай, жижигхэн одой морьтой болох юмсан гэж мөрөөддөг хүүхэд байсан. Тэтгэвэрт гарсныхаа дараа тэр мөрөөдлөө биелүүлж одой морины клуб нээсэн дээ. Манай улс адуутай мөртлөө сүйх тэрэгний үйлчилгээ гэж ерөөсөө байдаггүй. Нөхөр минь найз нараараа гаднаас сүйх тэрэг захиалж хийлгүүлээд авчирч өгсөн. Одоо бол ихэнх цагаа адуун дээрээ л өнгөрөөнө. Хүүхдүүдийг яаж одой морь унаж байгааг харж баясана.

- Таны дуртай кино, ном зохиол гэвэл юу байна вэ?

- Шерлок Холмсын адал явдалтай кинонд дуртай. Ном гэвэл багаасаа үлгэрийн ном их уншдаг байсан болохоор орос хэлэндээ сайжирч чадсан. Анх сургуульд орохдоо гацаж түгдрээд орос үг мэддэггүй байсан бол 10 дугаар ангиа төгсөхөд зарим багш нар маань магтдаг болсон доо.

- Таны ажиллаж байсан газар орон, албаас санаанд хамгийн тод үлдсэн нь аль вэ?

- Дэд хурандаа цолоо авчихсан цагдаагийн сургуульд хоёр жил ажиллачихсан байв. Тэр үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдож очих болсон юм. Тэнд ажиллаж байхдаа хурандаа цолоо авч байлаа. Баян-Өлгий надад үнэхээр таатай аймаг байсан. Хүмүүс нь маш цэвэрч, хөдөлмөрч, архи дарс ууна гэж бараг байхгүй. Наад зах нь малынхаа аргалыг өрөөд тавьчихдаг. Ямар ч айлд ороход цэмцгэр, ширээ дүүрэн хоолоор угтдаг, дайлж цайлахдаа найрсаг элгэмсүү. Архи уугаад эрүүлжүүлэгдэж байсан хүнтэй цөөн таарсан байх шүү.

- Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

- Ерөөсөө л цаг барих, өөрт оногдсон ажлаа сайн хийхийг л чухалчилдаг.  Ямар ч нөлөөнд авталгүй шударга, сэтгэлээсээ л ажлаа хийх хэрэгтэй.

- Та ажиллах эрч хүч, урам зоригоо яаж авдаг вэ?

- Намайг доктор хамгаалахад аав маань сэтгэлийн их дэм, урам өгсөн. Ажлаа хийхийн хажуугаар тэр олон судалгаа, материалтай ноцолдох амаргүй.  Тэр болгонд аав минь зааж чиглүүлдэг. Заримдаа магтана. Нэг удаа судалгааны материалаа цуглуулах гэж Сүхбаатар дүүргийн шүүхийн архивт гурав хоног гаднаасаа түгжүүлж байгаад гарч ирч байлаа.

- Ажиллаж байсан хамгийн хэцүү хэргээсээ дурдаач?

- Намайг хэрэг мөрддөг байх үед нэг байгууллагын шатны бариул нь хүний бүсэлхийнээс доогуур, уруудаж яваад хөл алдаад уначихмаар зай ихтэй байлаа. Тэр байгууллагад би “Хүн гэмтэх аюултай байна шүү, засаарай” гэсэн шаардлага удаа дараа хүргүүлсэн боловч хүлээж авч арга хэмжээ авахгүй л байгаад байсан. Тэгсэн чинь нэг өдөр тэндээс гарч явсан уул уурхайн ажилтан шатны бариулаас гар нь хальтраад доод талын давхар луугаа унаад нас барчихсан. Тухайн үед талийгч ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, гадны нөлөөгүй осолдсон нь шалгалтаар тогтоогдсон юм. Тэгтэл над руу ар гэрийнхэн нь худлаа дүгнэлт гаргасан, арын хаалгаар хэрэг хаасан гэх мэтээр их дайрч давшилсан. Тэр үед их сэтгэлээр унаж, хямарч байлаа. Гэхдээ цаг хугацаа үнэн мөнийг харуулсан гэж боддог. Сүүлд нь нөгөө байгууллага шатан дээрээ тор хийчихсэн байна билээ. Ингээд бодоход хүнд хэцүү  хэргүүд олон л байлаа. Олон жил хулгай хийчихсэн, шоронгоор яваад юу ч хийхээс буцахааргүй болчихсон хүмүүсийг барьж авахын тулд шөнийн цагаар отолт хийнэ. Заримдаа нөхөртэйгээ, тэжээж байсан нохойгоо ч хамт аваад явах тохиолдол байв.

- Бусад хурандаа цолтой эмэгтэйчүүдийг та хэр мэдэх вэ?

- Би цагдаагийн байгууллагаас хурандаа цол авсан тав дахь эмэгтэй. Харин өөр бусад хурандаа цолтой эмэгтэйчүүдээс дурдахад, хамгийн анхны цагдаагийн эмэгтэй хурандаа Хоролсүрэн байна. Гадаад харилцаа хариуцсан ажил эрхэлж байсан. Германд төгссөн, олон хэлтэй хүн бий. Үүнээс гадна надтай хамт докторантурт суралцаж байсан Цэцэгмаа хурандаа их мундаг боловсролтой хүн байлаа. Сургуульд багшилж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Залуу эмэгтэй хурандаа нараас дурдахад, сая ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Долгорсүрэн хурандаа байна. Аав нь Энхбат хурандаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, миний дарга байсан юм. Ер нь хурандаа нараа би танина аа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    😆

    2023-07-14

    Хариулах (2)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.