Том Круз Оскарын шагнал хүртэнэ
Анд нөхдийн мэдээ
2025-06-18
Өчигдөр АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академи (AMPAS) албан ёсны цахим хуудсаараа дамжуулан жүжигчин Том Круз, бүжиг дэглээч Дебби Аллен, дизайнер Уинн Томас зэрэг гурван хүнийг энэ жилийн Академийн Хүндэт шагналын эзнээр тодруулснаа зарлав. Мөн Жан Хершольтийн нэрэмжит хүмүүнлэгийн шагналаар дуучин, хөгжмийн зохиолч Долли Партоныг шагнахаар болсон байна. Шагналыг ирэх 11 дүгээр сарын 16-ны өдөр Оскарын албан ёсны ёслол дээр гардуулах ажээ. Академийн тэргүүн Жанет Ян хэлэхдээ, "Кино урлагт онцгой гавьяа байгуулсан, одоо ч уран бүтээлээ туурвисаар яваа домогт дөрвөн хүнийг энэ жилийн алдартнаар шагнан урамшуулж байна. Академийн Удирдах зөвлөл эдгээр агуу уран бүтээлчийг шагнаж буй нь нэр төрийн хэрэг юм" гэжээ. Академийн хүндэт шагналыг кино урлагт онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог бөгөөд Том Крузыг "Бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг" гэж танилцуулан асар хүнд үзүүлбэрүүдийг орлон тоглогчгүйгээр гүйцэтгэсээр ирсэн хичээл зүтгэлийг үнэлж буйгаа онцолсон байна. Уг шагналыг Т.Круз анх удаа хүртэж байгаа бөгөөд түүнийг Оскарт нэр дэвшсэнээс хойш 35 жилийн дараа ийнхүү нэр хүндтэй шагнал хүртэх болсныг “The Associated Press” агентлаг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.