Тайланд улс Шри-Ланкад бэлэглэсэн заанаа буцаан авлаа
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
2001 онд Тайландын хааны гэр бүлээс Шри Ланкийн Засгийн газарт бэлэглэсэн Сак Сурин нэртэй зааныг онгоцоор эх оронд нь эргүүлэн авчирсан тухай "Associated Press" агентлаг мэдээлэв. Шри-Ланка улсад очсоноос нь хойш тус улсын Канде Вихарая сүмд Буддын шашны зан үйлийн дагуу сүмд ирсэн өргөл барьцын эд зүйлийг уг заанд ачиж тээвэрлэх болжээ. Гэтэл олон улсын амьтны эрх хамгаалах байгууллага тус сүм зааныг хараа хяналтгүй орхих, бэртээж гэмтээх, удаан хугацаагаар хүнд хөдөлмөрт зүтгүүлэх зэргээр амьтны эрхийг зөрчиж байна хэмээн шүүмжилж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Ийн маргаан дэгдсэний улмаас уг сүм зааныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Үндэсний амьтны хүрээлэнд эмчлүүлээд Тайланд руу буцаан явуулах шийдвэр гаргасан байна. Үндэсний амьтны хүрээлэнгийн малын эмч Мадуса Феррера “Анх ирсэн үеэ бодвол эмчилгээ хийгдэж бие нь дээрдсэн. Гэвч зарим нарийн багаж төхөөрөмжийн дутагдлаас болж хөл нь бүрэн эмчлэгдээгүй” гэжээ. Өмнө нь амьтны эрх хамгаалах байгууллага уг заан хүн хүнд хөдөлмөр, хүчирхийлэлд өртөж байгаа тухай тус улсын эрх баригчдад хэдэнтээ мэдэгдэл хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. Эцэст нь Тайландын Засгийн газраас шаардлага хүргүүлж, уг зааныг буцааж авах хүсэлтийг дипломат шугамаар тавьснаар энэ асуудал нааштай шийдэгдсэн байна. Заан бол Тайланд улсын үндэсний бэлгэдэл юм. Тус улс хөрш оронтойгоо найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор заан бэлэглэсэн ч хүлээн авагч улс зохих ёсоор анхаарал халамж тавиагүйгээс болж Тайландын ард иргэд ихээр шүүмжлэх болсон байна. Шри-Ланкийн ерөнхий сайд Динесси Гунавардена тавдугаар сард Тайландад айлчлах үеэрээ уг зааны асуудлыг хөндөн, зохих ёсоор анхаарал хандуулаагүйдээ уучлал гуйсан байна. 2001 онд Тайланд улс Шри Ланкад гурван заан бэлэглэжээ. Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд үлдсэн хоёр зааныг мөн эх оронд нь буцаахаар ажиллаж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.