images

Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-06-16


   Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй бөгөөд мөн зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр, төслийн эцсийн хувилбараар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 20 их наяд 781.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.5 хувь, нийт зарлагыг  22 их наяд 371.4 тэрбум төгрөг дотоодын нийт бүтээгдэхүүний 37.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд 589.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон талаар танилцуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн төслийн 4 дэх хэлэлцүүлгийг хийж өгөхийг хүсэв. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөвдэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  Үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийснээр өндөрлөлөө. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцыг тогтворжуулах, бууруулах чиглэлээр төсөв мөнгөний бодлогын тохиргоог тухай бүр авч хэрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг харгалзан татварын уян хатан бодлого боловсруулах, төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын  цалингийн сүлжээг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Төрийн албаны тухай хуулийн 4.7 дахь хэсэгт нийцүүлэн 2025 оны 1 сарын 1-ны өдрөөс өмнө өөрчлөх саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх асуудлуудыг  тус тус Засгийн газарт даалгахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна гэв. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний  тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.