images

Ж.Отгонцагаан: Хамтын зүтгэлээр уулыг нурааж, усыг эргүүлж чадна гэдгийг энэ зохиолоос гүн бат ойлгосон

Б.Бадамзул

Миний дуртай ном

2023-06-14


Монголын Олимпын хорооны зөвлөх Ж.Отгонцагаан өөрийн хамгийн дуртай номынхоо талаар манайд ярилаа.

Александр Дюма, Жюль Верний адал явдалт зохиолуудыг уншиж өслөө

     Адал явдалт зохиол бичдэг Жюль Верний номыг багаасаа шимтэн уншиж өслөө. “Нууцат арал”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Ахмад Грантын хүүхдүүд” гэсэн гурван номыг дахин дахин давтан уншдаг байв. “Нууцат арал” зохиолд эрдэмтэн Смит болон түүнийг дагасан аялагч, судлаач, боол, мөн Герберт гэдэг 15 настай хүүхэд нийлээд тавуулаа нэг хөлөг онгоцонд суугаад явдаг. Янз янзын адал явдалтай таарахдаа тэр бүрийг овсгоо самбаа гарган давж байгааг үнэхээр уран дүрсэлсэн бий. Тэнд танин мэдэхүйн юм ч их. Эрдэмтэн Сайрус Смит, Гедеон Спилет хоёр гол дүр нь. Тэд халуун оронд явж байгаад төөрчихдөг юм. Бороо шороо, халуун нар, байгалийн бэрхшээл, араатан амьтан гээд олон хэцүү зүйлтэй тулгарсан ч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, оюун ухааныхаа хүчээр тэр бүхнийг даван туулж байгаа учраас маш гоё санагдаж, энэ улсуудтай хамт аялах юмсан гэж мөрөөддөг байлаа. “Ахмад Грантын хүүхдүүд” бас их адал явдалтай зохиол. Шинэ газар нээхээр усан онгоцоор явж байгаа учраас үйл явдал бүр нь маш сонирхолтой. Нутгийн индиануудтай сайдахдаа сайдаж, муудахдаа муудах ч, гол нь ямагт шинийг нээхээр эрэлхийлж явдаг нь сонин. Мөн “Арван таван наст ахмад” гэдэг зохиол ч бий. Гэхдээ эдэн дундаа “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” хамгийн гоё. Энэтхэгийн хунтайж Дакар гэдэг хүн “Наутилус” гэдэг хөлөг зохион бүтээгээд усан доогуур аялдаг. Английн булаан эзлэгчдийн эсрэг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан боловч хүч нь мөхөсдөж, улмаар усан доогуур аялаад явчихдаг юм. Зөгнөлт зохиол л доо. Усан доогуур явдаг энэ онгоц бол одоогоор шумбагч хөлөг буюу submarine юм. Дакар аялж явахдаа босогчдодоо ч тусалдаг, тэдэн дотроос урвагч ч гардаг. Мөн ахмад Немогийн тухай гарна. Хожим энэ зохиолоор орос, англи кино гарсан. Үүнээс гадна өөр нэг мундаг зохиол бол Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг”. Тэгэхээр би хамгийн дуртай номоороо “Шадар гурван цэрэг” зохиолыг нэрлэе.

Үйл явдлуудын холбоос, өрнөл, төгсгөл гайхамшигтай

      А.Дюмагийн энэ зохиолыг би “Монте Кристо гүн”-гээс нь илүүд үздэг. Яагаад гэвэл дАртаньян, Арамис, Атос, Портос гэдэг тэр дөрвөн цэрэг хатан хааныхаа, шадар цэргүүдийнхээ төлөө тэмцэхдээ эр зориг, ур чадвар, авхаалж самбаагаа хэрхэн дайчилсныг үнэхээр бахдам сайхан харуулдаг. Хамба ламын торгон цэрэг, хатан хааны шадар цэрэг хоорондоо үзэлцдэг үйл явдалтай. Тэд хүнд хэцүү сорилтуудыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриатайгаар давж чаддаг. Хүнд нөхцөл байдлаас яаж гарч, ямар ямар даалгавруудыг биелүүлж байгааг, Францын тэр үеийн амьдралыг дурайтал харуулсан нь үнэхээр сайхан.

     “Шадар гурван цэрэг” ном надад ах нараас дамжиж ирсэн юм. Тэдний номын санд миний дуртай, уншиж өссөн зохиолууд бүгд байсан. Эхлээд монгол хэлээр 1974, 1975 оны үед дөрөв, тавдугаар ангийн сурагч байхдаа уншиж байв. Тэгж анх уншихдаа сайн ойлгоогүй. Тэр үеийн Францын язгууртнуудыг дүрсэлсэн байдлыг нь ер ойлгохгүй байсан. Францын ордны, хамбын хэллэг нь эвгүй. Гэхдээ дараа нь асууж лавлаж байгаад ойлгочихсон. Ингээд дараа нь дахиад уншихад бүр гоё, адал явдалтай болоод ирж байгаа юм. Мөн оросоор ч уншиж байсан. Их дэлгүүрийн дэргэд байсан “Дружба” номын дэлгүүрээс худалдаж авсан санагдана. Тэгэхэд ховор ном авахад, гүйдэггүй ном нэгийг дайж өгдөг байлаа. Орос хэлээр уншина гэдэг тэр хэлд сайн болно гэсэн үг. Гоё сонгодог хэллэгтэй зохиол. Хамгийн сонирхолтой нь Францын нийгэм, соёл иргэншил юм. Бүх төрлийн урлаг, спорт, соёл заншил, урлагийн бүтээл цэцэглэж байсан үе. Англи, Франц хоёр их гүрний өрсөлдөөн, хаад ноёдын тэмцэл дайн болон хувирсан. Ла Маншийн том тулалдаан болсон. Европт нөлөөгөө тэлэхийн төлөө өрсөлдөж буй тэр хүнд цаг үед шадар цэргүүд их үүрэг гүйцэтгэдэг. Тэр дотроо энэ дөрөв онцгой үүрэгтэй, хүнд хүнд, түлхүүр түлхүүр, том том бодлогуудыг маш нууцлаг, ухаалаг, бүрэн гүйцэд биелүүлж байсан. Энэ том үйл явдлуудын холбоос, өрнөл, төгсгөл ямар гайхамшигтай сайхан санагдаж байсан гээч.  

     Францын сонгодог зохиолч Александр Дюмагийн зохиол бүтээлүүд тухайн үеийн манай улсад социалист реализмын шалгуурыг хангасан учраас орчуулан гаргаж байжээ. Өөр их бичгийн хүний, өөр нийгмийн номыг уншина гэдэг тэр хэрээрээ л нүд нээгдэнэ гэсэн үг дээ. Дараа нь “Шадар гурван цэрэг 20 жилийн дараа” гэдэг ном гарсан юм. Тэр нь жаахан сул. Уншсан хүмүүсийн сэтгэлд нэг их хүрээгүй юм билээ. Хааяа зурагтаар “Шадар гурван цэрэг” кино гарч байхыг харах их сонин, сайхан байдаг юм.

Александр Дюмагийн "Шадар гурван цэрэг" зохиол.

Киноных нь дууг гар утсандаа шингээв

      Муудалцаж танилцан анд нөхөд болоод нэгэн үйлсийн төлөө зүтгэж, эх орон, хатан хаанаа аварч байгаа тэр үйл явдлууд нь сэтгэлд маш гүн гүнзгий үлджээ. Үнэхээр нүдэнд харагдтал бичсэн байдаг. Бас би 1978 онд энэ зохиолоор оросуудын хийсэн киног үзсэн. Үүгээр Америк нэг, Франц хоёр, Орос нэг кино хийснийг бүгдийг нь үзсэн шүү. Энэ дундаас би анх үзсэн орос кинонд нь илүү дуртай. Оросын Ардын жүжигчин Михаил Боярский дАртаньяны дүрийг бүтээсэн. Харин Портост Валентин Смирнитский, Атост Вениамин Смехов, Арамист Игорь Старыгин тоглосон юм. Тэр дөрвөн гол баатрыг нь Оросын киночид гоё хийсэн. Энэ киноны дуу нь бүр гоё. Би чинь утасныхаа хонхны аяар “Пора пора, порадуемся” гэж үгтэй тэр дууг олон жил тавьсан шүү. Одоо өөр дуу бий.  Намайг хүмүүс “Пора пора”-гаа яагаа вэ?” гээд л байгаа. Дуудлагын аянууд дотор энэ дуу байхаа больсон юм билээ. Энэ дуу миний хамгийн дуртай дуунуудын нэг. Гол дүрд нь тоглосон М.Боярский өөрөө дуулсан юм. “Сэлэмний үзүүр исгэрч, Хөлстэй эмээл минь намайг дахин тулаанд дуудаж байна” гэхчлэнгийн гоё үгтэй. Максим Дунаевскийн хөгжим, Юрий Ряшенцевийн үг. М.Дунаевский бол манайхаар Г.Бирваа гуай гэсэн үг дээ. Саяхан энэ киног нь хийсний ой болоод, зурагтын нэвтрүүлгээр бүх жүжигчин нь гарч байсан. Харамсалтай нь Арамисын дүрд тоглосон И.Старыгин нас барчихсан байна лээ. Бусад нь одоо болтол кинонд идэвхтэй тоглож буй жүжигчид. Харин надад америкчуудын хийсэн кино огт таалагдаагүй. Шоу маягтай болгочихсон байсан. Франц нь арай дөнгүүр. Хоёр ч франц “Шадар гурван цэрэг” үзсэнээс нэгийг нь франц хэлээр, нөгөөг нь орос орчуулгатай үзсэн. Дуустал нь үзээгүй хаясан санагдана. 1978 оны орос хувилбарыг нь бол арав, хорь үзсэн шүү.

Шадар гурван цэргийн ур чадвар бол Гавьяат тамирчны анзааны өндөр

     Энэ зохиолоос надад үлдсэн юм бол багийн хамтын зүтгэлээр үнэхээр уулыг нурааж, усыг эргүүлж чадна гэдгийг гүн бат ойлгож авсан нь юм. Шадар “дөрвөн” цэрэг хамба ламын зуу гаруй цэргийг дараад, Английн Герцог гэгчтэй уулзаж, нэг нэгнийгээ цээжээрээ хамгаалж чадаж байгааг мундаг харуулсан. Энэ номыг уншихыг найзууддаа ч их санал болгосон юм. Би дүрүүд дотроос нь дАртаняны дүрд их хайртай. М.Боярский хөөрүү сагсуу хэрнээ их зөв, цогтой дайчин, сэргэлэн хүний дүрийг маш сайхан гаргасан. ДАртаньян асуудлыг маш хурдан шийддэг, сэтгэж чаддаг, нөхдөдөө үнэнч, ур чадвар өндөр нэгэн. Тэр шадар гурван цэргийн ур чадвар одоогоор бол Гавьяат тамирчны анзааны өндөр шүү дээ. Тэр үед сэлмийн урлаг гэдэг ордныхны ганц гайхуулдаг эрдэм юм. Бас тэднийг барны гэдэг юбкатай бүжгээр нь шинждэг. Монгол хүнийг мориор нь шинждэг шиг. ДАртаньян бол Гаскон нутгийн хүн. Цөс ихтэй, халуун цустай хүмүүсийн нутагт төрсөн, тэндээс тодорч гарсан залуу. Номоос зургийг нь харж байсан болохоор сахал, хувцас, цэнхэр өмсгөл, өдтэй гоё малгай, бүснээсээ зүүсэн сэлэм гээд бүгдийг нь гоёор төсөөлдөг байлаа. Миний төсөөлөл, киноны дүр хоёр нэг их зөрөөгүй.

    Номын нэр л “Шадар гурван цэрэг” болохоос биш шадар гурван цэрэг дээр дАртаньян нэмэгдээд дөрөв болдог юм шүү дээ. Номынх нь нэр тийм сонин. ДАртаньян хулигаан залуу байсан учраас аав нь хүмүүжүүлэхээр цэргийн найз Дэтервильдээ захиа явуулдаг. Тэр нь шадар гурван цэргийн хороон захирагч юм. Ингээд дАртаньян цэрэгт явах замаасаа эхлээд адал явдалтай учирдаг. Өөрөө хэн болохоо үзүүлээд Парисын алдартай сэлэмчнийг хүртэл дийлж хөнөөнө. Энэ явдлын дараа Парис даяараа шуугьж, сайхь залуу нэр алдарт хүрсэн. Би 2014 онд Оросын Сочи хотод болсон Өвлийн Олимпын үеэр М.Боярскийг олон хүний дунд харсан. Уулзъя гэсэн ч хол байсан болохоор чадалгүй өнгөрсөн дөө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.