images

Шинэхэн оозэки дөрвөн жил очоогүй Монгол нутагтаа харив

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2023-06-06


     Өнгөрсөн тавдугаар сарын башёд амжилттай сайн барилдаж оозэки цол хүртсэн Монголын бөх Киришима нутагтаа амрахаар мордсон талаар Японы хэвлэлүүд мэдээллээ. “Japan Times” сонины өчигдрийн дугаарт бичсэнээр Киришима цар тахлын хязгаарлалтаас болоод дөрвөн жил гэртээ хариагүй бөгөөд “Удаан уулзаагүй ар гэрийнхэн, хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзана гэхээс тэсэж ядан догдолж байна” хэмээн Токиогийн “Нарита” нисэх буудлаас онгоцонд суухын өмнө сурвалжлагч нарт ярьжээ. Өдгөө 27 настай Киришима тавдугаар сарын башёд 11 давж, гиношё буюу техниктэй бөхийн шагналыг хүртсэн юм. Японы сүм бөхийн холбооны Захирлуудын зөвлөлийн Цолны комисс өнгөрөгч 5 дугаар сарын 31-нд хуралдаж, Киришимад оозэки цол олгохоор шийдвэрлэсэн билээ. Ингэснээр тэрбээр мэргэжлийн сүмогийн аварга буюу ёкозүна цолны удаах нь болох энэ цолыг хүртсэн зургаа дахь монгол бөх болж байна. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат Бямбачулууны Лхагвасүрэн нь мэргэжлийн сүмогийн Мичинокү дэвжээнд 2015 оны долдугаар сард элссэн бөгөөд Кирибаяма нэрээр барилдаж өнгөрсөн нэгдүгээр сард сэкивакэ цолонд хүрсэн бол гуравдугаар сарын барилдаанд 11 давж түрүүлсэн билээ.

     Киришима оозэки цол хүртэж, нутаг явах шийдвэрээ гэнэт гаргасан тул тийзний олдоцоос болж энгийн ангиллаар нисэж байгаа талаар “Japan Times” мэдээлээд 186 cм өндөр, 143 кг жинтэй тэрбээр “Суудалдаа яаж ийгээд багтаад харьчихна аа” хэмээн хэлснийг эш татсан байна. Киришима лхагва гарагт төрсөн нутаг Дорнод аймагтаа очихоор төлөвлөсөн бөгөөд 14-нд Японд буцаж ирээд, Нагоя мужид байдаг Арашёо дэвжээнээ зургадугаар сарын башёгийн бэлтгэлд гарна хэмээн “Japan Times” сонинд бичжээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.