Шангрила гэж юу гэсэн үг вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-06-05
Өчигдөр өндөрлөсөн Азийн аюулгүй байдлын бага хурлыг "Шангрилагийн яриа хэлэлцээ" гэж нэрлэдэг. 2002 оноос эхэлсэн уг хурал жил бүр Сингапурын "Шангрила" зочид буудалд болдог тул ийн нэрийдэх болжээ. Тэгвэл Шангрила гэж юу гэсэн үг вэ? Үгийн уг гарал нь Британийн зохиолч Жэймс Хилтоны 1933 онд бичсэн "Алдагдсан тэнгэрийн хаяа" уран зөгнөлт романд гардаг зохиомол газрын нэр юм. Төвдийн умард өндөрлөгтэй хиллэдэг Кунлун ууланд орших Шангрила нутгийн үндэстэн орчлон ертөнцөөс тасарсан амар амгалан газарт үхэшгүй мөнхийн амьдралаар амьдарч байгаа тухай уг зохиолд өгүүлдэг. Уг зохиол бичигдсэнээс хойш энэхүү үг сайн сайхныг бэлгэдсэн нэр томьёо болж дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь "Шангрила" сүлжээ зочид буудал юм. Зохиолч Төвдийн буддизмын домогт газар болох Шамбалаас сэдэвлэн Шангрила хэмээх ариун дагшин газрын тухай зураглан бичсэн юм. Энэхүү зохиол нь 1937 онд мөн ийм нэртэй кино болсноор “Шангрила” хэмээх нэр томьяо Томас Морын "Утопи" романы нэр шиг “ертөнцийн диваажин” гэсэн утгатай үг болон өргөн хэрэглэгдэх болжээ. Дээрх “Шангрилагийн яриа хэлэлцээ”-г “Энх тайван, амар амгалан ертөнцийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл” гэсэн утгаар тайлбарладаг ажээ. 1942 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Франклин Рүзвельт Вашингтоны ойролцоо зуны ордон бариулж “Шангрила” гэж нэрлэсэн юм. Үүнийг 1953 онд ерөнхийлөгч Д.Эйзенхауэр ач хүүгийнхээ нэрээр "Кэмп Дэвид" болгон өөрчилсөн байна. Хятадын Юннань мужийн Төвд үндэстний өөртөө засах мужийн төв хотыг мөн Шангрила гэдэг бөгөөд анх Жундянь нэртэй байсан ч жуулчдыг татах зорилгоор 2001 онд ийн өөрчилжээ.
Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.