images

Тегеран: Хуурамч мэдээллийн эсрэг тууштай хамтран ажиллана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-26


     Ази, Номхон Далайн Бүс нутгийн Мэдээллийн Агентлагуудын Байгууллага (OANA)-ын 18 дахь удаагийн хуралдаан энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Ираны Тегеран хотод болж өнгөрөв. Тус хуралдааны төлөөлөгчид ковид 19-ын дэгдэлтийн үеэр хэрхэн ажиллаж байсан арга туршлага, мэдээлэл олж түгээх нөү хау зэргээ хуваалцаж мэргэжлийн бус, хуурамч мэдээллийн эсрэг тууштай тэмцэж хамтран ажиллах зорилготой “Тегераны тунхаглал” батлав. Тус тунхаглалд дэлхий даяар ковид 19 дэгдсэнээр хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл олж түгээдэг уламжлалт арга барилдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тухай дурдаад "Уншигчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байхын тулд шинэ арга барилаар ажиллах ёстой"  гэжээ. Цаашид хуурамч мэдээ, буруу ташаа мэдээллийн урсгалыг хааж хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг өргөхөд хамтын хичээл зүтгэл хамгаас чухал байгааг онцлов.

    Хуралдааны үеэр Ираны ерөнхийлөгч Ибрахим Райси төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Хусейн Амир Абдулла төлөөлөгчдийг хүлээн авч баяр хүргэсэн байна. Тус байгууллагын тэргүүлэгчийн үүргийг 2019 оноос өнөөг хүртэл БНСУ-ын “Yonhab” агентлаг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ удаагийн хурлаар Ираны мэдээлийн “IRNA” агентлаг 2025 он хүртэл гүйцэтгэхээр сонгогдлоо. Одоогийн байдлаар тус байгууллагад 35 орны хэвлэл мэдээллийн 42 байгууллага гишүүнчлэлтэй байдаг ажээ. Манай МОНЦАМЭ агентлаг тус байгууллагад 1981 онд гишүүнээр элссэн юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.