images

10 баримт: Нээлттэй Хэнтий

Ж.Ариунгэрэл

10 баримт

2023-05-29


     Улаанбаатар хотын “Дүнжингарав” худалдааны төвийн урд өнгөрөгч бямба гарагт болсон “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөгийн үеэр тус аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хэлсэн үгнээс зарим онцлох баримтуудыг сонгон сонирхуулж байна.

1. Хэнтий аймаг Монгол орны өнцөг булан бүрээс тус аймгийг зорин ажиллаж, амьдрахаар ирэх иргэдэд төрийн болон хувийн хэвшилд нээлттэй байгаа 300 гаруй ажлын байр санал болгож байгаа бөгөөд цаашид жил бүр 1000-аас доошгүй ажлын байр шинээр бий болгоно.

2.  Тус аймагт 2023 онд улсын төсвийн 279 тэрбум төгрөгөөр 92 төсөл арга хэмжээ хэрэгжжээ.

3. Хэний аймгийн бүтээн байгуулалтын салбарт жил бүр 120 гаруй ажлын байр бий болдог.

4. Төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор улс болон орон нутгийн 40 хувийн нэмэгдлийг олгож байна.

5. Эмч, багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж, тэднийг байр орон сууцтай болоход нь 25 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх болзолт уралдаан зарлажээ.

6. Тус аймагт Монголын орон нутаг дахь хамгийн том сургууль болох 1500 хүүхдийн хүчин чадалтай “Хэрлэн” лаборатори 1 дүгээр сургууль, орон нутаг дахь анхны олон улсын хөтөлбөртэй сургууль болох “Бэрх” сургууль, Монгол улсад ганцхан байдаг төрийн өмчит ясли үйл ажиллагаа явуулж байна.

7. Аймгийн бүх сум, 4 тосгон 100% төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдсон төдийгүй бүх сумын төв төвлөрсөн дулаан хангамжийн системтэй. Түүнчлэн 6 сум ариутгах татуургын төвлөрсөн цэвэрлэх байгууламжтай ажээ.

8. Хэнтий аймагт 2022 онд гадаад, дотоодын 54 мянган жуулчин ирж 8,2 тэрбум төгрөгийн орлого оруулсан.

9. Аймгийн 17 сумын 27.2 мянган га атаршсан тариалангийн талбайг иргэд ААН-д эзэмшүүлж үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах боломжийг олгож байна.

10. Жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой иргэн, аж ахуйн нэгжид 5 суманд мал нядалгаа, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, 1 суманд малын тэжээлийн үйлдвэр, гурилын үйлдвэр байгуулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан бөгөөд эдгээр байршилд үйлдвэрлэл явуулахад орон нутгийн зүгээс дэд бүтэц нь шийдэгдсэн газар олгохоор болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.